КАТМАНДУ, 2025 оны аравдугаар сарын 17 /BelTA/. Америкийн уулчин Жим Моррисон Эверест уулын хамгийн хэцүү эгц хойд энгэрээр цанаар бууж чадсан түүхэн дэх анхны хүн болсон тухай “The Himalayan Times” сонинд бичжээ.
“National Geographic” сэтгүүлд бичсэнээр, өдгөө 50 настай уулчин орон нутгийн цагаар 12.45 цагт 8848,86 м өндөр оргилд гарсныхаа дараа дөрвөн цагийн хугацаанд ойролцоогоор 2.7 км-ийн дор орших Ронгбук мөсөн гол руу хойд энгэрээр буусан байна.
Энэхүү амжилтыг найруулагч Жимми Чин, Элизабет Васархели нар “National Geographic”-ийн кинонд зориулан баримтжуулсан байна. Моррисон 11 уулчны бүрэлдэхүүнтэй багийн хамтаар 2022 онд Манаслу ууланд авирах үеэр амиа алдсан цанын тамирчин Хилари Нельсонд зориулжээ. “Би бүтэн өдрийг түүний дурсгалд зориулсан” гэж тэрбээр ярьсан байна.
Ж.Моррисоны хувьд 2023, 2024 онуудад логистикийн асуудал, багийн гишүүн нь цасан нурангид даруулсны улмаас бүтэлгүйтсэн өмнөх оролдлогуудынхаа дараа Хорнбейн энгэрээр цанаар буух гурав дахь удаагаа оролдлоо. Уг энгэрээр анх 1963 онд Америкийн уулчид болох Том Хорнбейн, Вилли Ансолд нар бууж байсан бол өнөөдрийг хүртэл хэн ч энэ замаар цанаар бууж чадаагүй байв.
Сүүлийн арван жилийн хугацаанд Моррисон дэлхийн хамгийн туршлагатай уулын цаначдын нэг гэдгээ батлан харуулж, Лхозе, Макалу болон Хималай нурууны бусад оргилоос буусан амжилтаараа нэрд гарчээ. Түүний энэ удаагийн амжилт бол хувь хүний ялалт төдийгүй уулын болон экстрим цанын спортын түүхэн дэх чухал цаг үеийг бэлгэдэж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!