Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Үндэсний бөхийн уламжлал, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх төв Монгол бөхийн өргөөг орчин үеийн спортын байгууламжийн стандарт, шаардлагад нийцүүлэх, бөхчүүд, үзэгчид болон ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор 2021 оноос их засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэ хүрээнд Монгол бөхийн өргөөний үндсэн зориулалт, өнгө төрх, үнэ цэнийг тодорхойлогч барилдааны дэвжээ шинэчлэх ажлыг үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Жем интернэшнл” компанитай хамтран 2022 онд анх сольсон юм.
Монгол бөхийн өргөөнд долоо хоног, сар бүр зохион байгуулдаг барилдаанд тогтмол олон бөх зодоглож, хивсний чанарт зарим нөлөөлсөн учраас МҮБХ-ноос нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласны дагуу үндэсний үйлдвэрлэгч “Жем интернэйшнл” компани шалгарсан байна. Улмаар энэ сард хивсийг дахин шинээр сольж өгчээ. Тус компаниас дөрвөн жилийн давтамжтайгаар солилоо.
Монгол бөхийн өргөөний хивсийг шинэчлэн монгол үндэсний бөхийн хөгжилд дахин үнэтэй хувь нэмэр оруулсанд компанийн удирдлага, нийт хамт олонд болон үүсгэн байгуулагч, улсын гарди Ц.Цэрэнпунцагт МҮБХ болон бөхчүүд талархал илэрхийлсэн байна.

Өмнө нь хивсийг шууд шалан дээр дэвсэж байсан. Тэгвэл энэ удаа хивсний дор зөөлөвч резин дэвссэн нь бөхчүүдэд таатай байгаа аж. Уг хивс барилдахад зөөлөн, бэртэл гэмтэл авах эрсдэлээс хамгаалах, монгол хонины ноосоноор хийдэг нь халтирч гулгахгүй зэрэг давуу талтай. Түүнчлэн хивсийг бөхчүүдийн суудаг сандлын доогуур оруулж бүтэн болгосноороо онцлогтой бөгөөд дизайны хувьд өмнөхөө бодвол хээ угалз оруулснаараа шинэлэг аж.
Хэн, юу хэлэв
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав: -Монгол бөхийн өргөө 1998 онд ашиглалтад орсноос хойш дөрөв дэх удаагаа хивсээ шинэчиллээ. Энэ удаа “Жем интернэйшнл” компани хивсний чанарт онцгой анхаарал хандуулан илүү зузаан болгож шинэчилж өгсөнд баяртай байна. Тус компани өмнө нь 2022 онд нийгмийн хариуцлагын хүрээнд хивсийг шинэчилж байсан юм. “Жем интернэйшнл”-ийн хамт олонд бөхчүүд, үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
Улсын заан Д.Анар: -Дэвжээний хатуу, зөөлөн яг сайхан таарчээ. Барилдахад, гишгэхэд эвтэйхэн юм. Өмнөх хивсүүд залгаас оёдолтой, түүнд нь бөхчүүд тээглэх тохиолдол түгээмэл байсан. Үндэсний өв соёл, бөхөө дээдэлдэг, бөхчүүдээ үргэлж дэмждэг “Жем интернэйшнл” компанийн хамт олонд маш их баярлалаа. Сайн сайхныг хүсье.
Улсын заан Б.Серик: -Шинэ хивс сайхан байна. Илүү өнгөлөг болжээ. Барилдахад эвтэйхэн санагдлаа. Дэвжээг манеж руу тулгаж, шахсан нь маш их таалагдлаа. Яагаад гэвэл өмнө нь дэвжээний захад тулахад шууд модон шалан дээр унадаг байсан. Түүнээс болж тархи доргих, бөхчүүд гэмтэх эрсдэлтэй байсан юм. Харин дэвжээг зах руугаа дүүргэснээр эрсдэлээс сэргийлсэн нэг хэлбэр байх. Дэвжээ таалагдаж байна.
Улсын начин Б.Даваа-Очир: -Бөхийн өргөө шинэ хивстэй болсонд баяртай байна. Өмнө нь бас “Жем интернэйшнл” компаниас хивсийг шинэчилж байсан шүү дээ. Энэ удаа дахиад солихдоо илүү чанартай, өнгө үзэмж сайтай, гоёмсог болгож өгсөнд талархалтай байна. Өмнөх нь бөхчүүдийн суудалд дутуу ордог байсан бол одоогийнх гүйцэт тулгаж хийсэн нь сайшаалтай.
Аймгийн арслан Б.Баянсүх: -Шинэ хивсэн дээр Улс тунхагласны ойгоор анх удаа барилдлаа. Зөөлөн, гишгэхэд эвтэйхэн гоё байна. Өмнө нь цулгуй байсан бол энэ удаа уламжлалт хээнүүдийг шингээсэн нь өнгө үзэмжийн хувьд илүү гоёмсог, ширмэл ширдэгний дизайныг гаргаснаараа онцлогтой, содон харагдаж байна. Энэ хивсийг шинэчилж өгсөн “Жем интернэйшнл”-ийн хамт олны ажил үйлс үргэлж өөдөө дэвжин дээшлэх болтугай.
Аймгийн заан Р.Омар: -Шинэ хивсэн дээр анх удаа барилдлаа. Зөөлөн юм. Барилдахад эвтэйхэн санагдсан. Бас их өнгөлөг юм. Монгол бөхөө дээдлэн, бөхчүүдээ дэмжиж шинэ хивс дэвсэж өгсөн “Жем интернэйшнл” компанийн олондоо ажлын өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Munkhzul Batsukh

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!