Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2027 оны төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн баталлаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт энэ удаагийн төсөв иргэдийн гар дээр үлдэх мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэхээр батлагдаж байгааг онцлов. Түүнчлэн тэрбээр Засгийн газар батлагдсан төсвийг үр дүнтэй хэрэгжүүлж, үнийн өсөлтийг хязгаарлаж, иргэдийн бодит орлогыг хамгаалахад онцгой анхаарч ажиллах ёстой хэмээн тэмдэглэсэн юм. Ирэх оны төсөв нь,
Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хувь хүний орлогын албан татвар авахгүй.
Ахмадуудын тэтгэвэр нэмэгдэнэ. Тэтгэврийн шинэчлэл үргэлжилж, дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүрнэ.
2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувь, төрийн захиргаа болон тусгай албаныхны цалинг 20 хувиар нэмнэ.
Эмийн үнийн дарамтыг бууруулна. Ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн өргөн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижинд уудаг зарим эмийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хариуцна.
16 мянган иргэнийг орон сууцтай болоход дэмжинэ. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ.
Бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг хөнгөлнө. 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг 246 тэрбум төгрөгөөр бууруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно.
Бүтээн байгуулалтын хүрээнд 338 км авто зам тавьж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмнэ.
Хашаандаа сайхан амьдрах, сэргээгдэх эрчим хүч ашиглах өрхөд зориулсан 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй ногоон зээлийн эх үүсвэрийг төсөвт суулгаж, эко өрхийг дэмжжээ.
Ингэснээр давхардсан тоогоор 2 сая орчим иргэн, 220 мянга орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж төсвийг үр өгөөжийг шууд хүртэнэ гэж УИХ-ын дарга тодотгов. Санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 82.7 хувийн саналаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Туул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!