News.mn сайт Сенегал улсын нийслэл Дакар хотоос мэдээллэж байна.
Баруун Африкийн Сенегал улс дэлхийн спортын төв цэг боллоо. Учир нь тус улс төдийгүй тус тив анх удаагаа олимп хүлээн авч байгаа нь "Дакар 2026" залуучуудын наадам. Анх 2022 онд болохоор товлосон байсан ч цаг үеийн нөхцөл байдлын улмаас хойшилсоор наадам энэ жил болж байна.
Атлантын далайн эрэгт орших Дакар хотын гудамж талбай "Ayo" арслангийн зурагт хуудас, баримлаар өнгө орж, орон нутгийн цагаар өчигдөр /2026.10.31/ 16:00 цагт нээлтээ хийхэд бэлэн болжээ.
Энэ удаагийн залуучуудын олимпод Монгол Улсаа төлөөлөн бокс, жүдо, элсний бөх, 3х3 сагсан бөмбөг, дугуй, усанд сэлэлтийн 17 хүртэлх насны арван тамирчин өрсөлдөх болно.
Сенегал улсын бэлгэ тэмдэг нь арслан бөгөөд тэд энэ наадамд зориулан "Ayo" гэх маскотыг бүтээжээ. "Ayo" гэх нэр нь ёруба хэлний "баяр баясгалан" гэх утгатай үг.

Хамгийн сүүлд 2018 онд Аргентины нийслэл Буэнос Айрес хотод болсноос хойш найман жилийн дараа энэ наадам болж байгаа нь онцлог. Тэр дундаа Африк тив хүлээн авч байгаа нь утга учиртай болгож байна. Магадгүй энэ наадам Африк тив ирээдүйд олимп хүлээн авахын эхлэл байхыг үгүйсгэхгүй.
Монгол болон Сенегалын хооронд найман цагийн зөрүү, 11.1 мянган км зай бий. Монголд өвлийн улирал ирж байхад энд мөнхийн зунаараа гадаах хэм 31-ийг заана.
1.2 сая хүн амтай улсын нийслэл Дакар хот Францын колончлолд байсан учир нутгийн иргэд франц болон волоф хэлээр төвөггүй ярина. Монголчууд Сенегал улсыг хөлбөмбөгчдөөр нь эчнээ мэднэ. Африкийн аварга энэ улсаас Садио Мане, Калиду Кулибали, Эдуард Менди, Николас Жаксон зэрэг өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчид төрөн гарчээ.
Энэ удаагийн наадмын уриа нь “Африк тив угтан авч, Дакар баяр хөөрөөр бялхана” гэх утгатай. Үүгээрээ Африк тив анхны олимпоо угтан авч, Дакар хот гэрчилж, ард түмэн нь баяр хөөрт угтаж байна гэх утгатай.
Тун удахгүй нээлтийн арга хэмжээ эхэлнэ.
Эх сурвалж: News.MN

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!