Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Италийн Ром хотод зохион байгуулсан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Дэлхийн хүнсний форум”-ын үеэр хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоо болон хөдөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дэлхийн 100 эмэгтэйг алдаршуулах ёслол болж, Монгол Улсаас Ховд аймгийн Дарви сумын “Баялаг Сутай” хоршооны тэргүүн Г.Алтанцэцэг “100 эмэгтэй алдартан”-ы нэгээр шалгарлаа.
Түүнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас уг номинацид нэр дэвшүүлсэн байна. Энэхүү үйл явдал нь Монголын малчин эмэгтэйчүүдийн манлайлал, уламжлалт мал аж ахуйн мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, менежментийн арга барилтай хослуулан хөгжүүлж буй туршлагыг дэлхийн түвшинд үнэлсэн чухал үйл явдал болов.
Ховд аймгийн Дарви сум нь ган, зуд, бэлчээрийн доройтол зэрэг уур амьсгалын олон сорилтуудтай тулгардаг бөгөөд малчин Г.Алтанцэцэг нь орон нутгийн малчдыг хамтын зохион байгуулалтад нэгтгэж, уламжлалт мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, малын генетик нөөцийг хамгаалах, малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр бодитой өөрчлөлтүүдийг санаачлан хэрэгжүүлсэн байна. Тэрбээр ардын жүжигчин Д.Мягмарсүрэнгийн нэрэмжит соёлын төвийн номын санчаар ажиллаж байсан бөгөөд өдгөө 90 орчим малчин өрхийг нэгтгэсэн “Баялаг Сутай” хоршоог тэргүүлж байгаа юм.
Хоршооны гол зорилт нь Монгол орны эрс тэс уур амьсгал, байгаль, бэлчээрийн нөхцөлд дасан зохицсон “Сутай” хонины үүлдрийн генетик нөөцийг хамгаалах, үржил селекцийг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг сайжруулах, ган, зудын эрсдэлийг бууруулах, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг ажээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!