ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /Reuters/. АНУ-ын эрх баригчид Хятадад чип нийлүүлсэн асуудлаар “Nvidia” компаниас тайлбар ирүүлэхийг шаардаж байгаа бөгөөд компанийн дотоод хяналт, дүрэм журмын хэрэгжилтийг хэн хариуцаж байсныг тогтооно гэж тус улсын Сангийн сайд Скотт Бессент ням гарагт мэдэгджээ.
Тус компанийг удирдаж байсан Женсен Хуан Хятадын тагнуултай холбоотой байж болзошгүй эмэгтэйтэй дотно харилцаатай байсан тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарсны дараа албан тушаалаасаа огцорсон юм.
“Бид компанийн түр удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гол гишүүд, хуульчидтай холбоо тогтоосон. Бидэнд тодорхой хариулт хэрэгтэй байна. Компанийн дотоод соёл, үйл ажиллагааны зарчим ямар байсныг мэдэхийг хүсэж байгаа учраас энэ асуудалд “Nvidia” шуурхай хандах ёстой.” гэж Бессент CBS телевизийн “Face the Nation” нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ.
АНУ-ын тагнуулын байгууллагууд Хятадын тагнуул байж болзошгүй хэмээн сэжиглэж буй эмэгтэйтэй Ж.Хуан холбоотой байсан, мөн компанийнхаа нэгэн удирдах ажилтантай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тухай мэдээлэл цацагдсан нь түүнийг огцроход хүргэсэн юм. Үүнтэй холбогдуулан АНУ-ын зохицуулах байгууллагууд болон Холбооны мөрдөх товчоо (FBI) мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, Конгресс холбогдох арга хэмжээ авч, компани дотоод хяналт шалгалт явуулж эхэлсэн бол хөрөнгө оруулагчид шүүхэд хамтын нэхэмжлэл гаргахаар зэхэж байна.
Ж.Хуаныг огцорсноос хэдхэн хоногийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “Nvidia” зэрэг компаниудын дэвшилтэт хиймэл оюуны чипийг Хятадад нийлүүлэхэд тавих хязгаарлалтыг чангатгажээ. Д.Трамп өнгөрсөн долоо хоногт Хятадад айлчилж, тус улсын удирдагч Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхийн өмнөхөн экспортын хяналтыг чангатгасан байна.
Чип үйлдвэрлэгч тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) чухам юу болсныг тогтоохоор ажиллаж байгааг Бессент дурдаад, тэднийг “маш дэлгэрэнгүй, үндэслэлтэй хариулт өгнө” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
“Бид юуны өмнө компанийн дотоод хяналт, дүрэм журмын хэрэгжилтийг хэн хариуцаж байсныг мэдэх шаардлагатай. Энэ талаар компанийн аль түвшний ажилтнууд мэдэж байсан бэ гэдгийг тогтооно. Доод шатны ажилтнууд мэдэж байсан уу, дунд шатны удирдлагууд мэдэж байсан уу, эсвэл бүр дээд удирдлага мэдэж байсан уу гэдгийг харна” гэж тэрбээр онцолсон байна.
Д.Трамп баасан гарагт мэдэгдэхдээ, Ж.Хуаныг уучлалт хүсээд “Nvidia”-д эргэн ирэхийг харахыг хүсэж байна гэжээ. Д.Трампын энэ байр суурьтай санал нийлж байгаа эсэхийг Бессентээс тодруулахад, илүү их мэдээлэл шаардлагатай байгааг хэлээд, “Энэ бүхний эцсийн хариуцлагыг хэн хүлээх ёстойг бид эхлээд харах хэрэгтэй гэж бодож байна” хэмээн хариулжээ.
Харин “Nvidia”-гийн ТУЗ-ийн дарга Харви Жонс тус зөвлөл Ж.Хуаныг албан тушаалд нь эргүүлэн томилохгүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Jargal D

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!