Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Чингис хаан олон улсын нисэх буудал нь Хонг Конгд зохион байгуулж буй “Super Terminal Expo 2026”-д оролцон, жилд 5 саяас доош зорчигч хүлээн авах хүчин чадалтай нисэх буудлын терминалын ерөнхий төлөвлөлт, дасан зохицохуйц дизайны ангилалд шалгарч, "STE Awards 2026" олон улсын шагналын эзэн боллоо.
“Super Terminal Expo” нь нисэх буудал, зорчигч, ачаа тээврийн терминалын зураг төсөл, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, технологийн шинэчлэл, тогтвортой хөгжлийн чиглэлээр улс орнуудын нисэх буудлын оператор, мэргэжилтэн, технологийн компани, дэд бүтцийн байгууллагыг нэгтгэдэг олон улсын мэргэжлийн үйл ажиллагаа юм. Энэ үеэр олон улсын нисэх буудлын салбарын шилдэг мэргэжилтнүүд терминалын төлөвлөлт, дэд бүтцийн хөгжил, үйл ажиллагааны үр ашиг, ухаалаг технологи, тогтвортой шийдэл зэрэг ирээдүйн хөгжлийг тодорхойлох асуудлаар мэдлэг, туршлагаа хуваалцдаг байна.
STE Awards нь нисэх буудлын терминалын дизайн, инновац, үйл ажиллагааны үр ашиг, ачаа тээвэр, тогтвортой хөгжлийн чиглэлээр гаргасан онцлох амжилт, шийдлийг мэргэжлийн шалгуураар үнэлж, салбарын шилдэг туршлагыг олон улсын түвшинд тодруулдаг шагнал юм.

Энэ жилийн “Best Terminal Masterplanning & Adaptive Design” шагналыг нисэх буудлуудын жилийн зорчигч хүлээн авах хүчин чадлыг харгалзан гурван дэд ангиллаар олгожээ. Үүнд:
• Жилд 5 саяас доош зорчигч хүлээн авах хүчин чадалтай: Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудал;
• Жилд 5-20 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай: Энэтхэгийн “Guwahati International Airport”;
• Жилд 20 саяас дээш зорчигч хүлээн авах хүчин чадалтай: Японы “Kansai International Airport Terminal 1” шалгарав.
STE Awards нь дэлхийн нисэхийн салбарын нэр хүндтэй байгууллагуудын амжилтыг онцолдог. Тухайлбал, 2025 онд Хонг Конг, Инчоны олон улсын нисэх буудал терминалын инновацын ангилалд, Энэтхэгийн “Manohar International Airport”, Индонезийн “Sultan Hasanuddin International Airport”, БНХАУ-ын “Beijing Daxing International Airport” зорчигч хүлээн авах хүчин чадлаар ангилсан терминалын дизайны гурван төрөлд шагнал хүртжээ.
Чингис хаан олон улсын нисэх буудлын хүртсэн энэ удаагийн шагнал нь терминалын ерөнхий төлөвлөлт, дасан зохицох инженерчлэл, урт хугацааны ашиглалтын уян хатан байдал, байгаль орчин, орон нутгийн онцлогийг тусгасан дизайн, зорчигч, ачаа тээврийн урсгалд нийцсэн зохион байгуулалтын шийдлийг олон улсын түвшинд үнэлсэн нь онцлох амжилт юм. Энэ үнэлгээ нь Монголын агаарын тээврийн гарц болсон Чингис хаан буудлын дэд бүтцийн хөгжил, терминалын төлөвлөлтийн шийдлийг олон улсын нисэхийн салбарт таниулах, цаашдын хөгжил, хамтын ажиллагааны боломжийг нэмэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Оюундэлгэр

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!