ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 23 /CNBC/. Интернэтийн ихэнх хэсгийн хэвийн ажиллагааг хангахад ашигладаг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул талууд илэрсний дараа технологийн компаниуд тэдгээрийг арилгах арга хэмжээг шуурхай авч эхэлжээ.
Тодруулбал, вэб хуудас, вэб аппликейшн хөгжүүлэхэд өргөн ашигладаг, нээлттэй эх кодтой PHP программчлалын хэлтэй холбоотой ажээ. Аюулгүй байдлын сул тал илэрсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнуудын холбогдох байгууллагууд яаралтай сэрэмжлүүлэг гаргажээ. Мөн “Google”, “OpenAI”, “Amazon” зэрэг технологийн томоохон компаниуд уг сул талыг илрүүлэх, болзошгүй халдлагаас сэргийлэх, өртсөн системүүдийг хамгаалах ажилд оролцож байна.
Цахим аюулгүй байдлын судлаачдын мэдээлснээр, хакерууд “PHP2Shell” хэмээн нэрлэсэн эдгээр хоёр сул талыг ашиглан хамгаалалт султай серверүүдэд алсаас хортой код ажиллуулах боломжтой бөгөөд ингэснээр нууц мэдээлэл алдагдах эрсдэлтэй байна. PHP ашигладаг бүх вэб хуудас үүнд өртөхгүй боловч уг программ хангамжийг өргөн хэрэглэдэг нь халдлага ихээхэн хэмжээний хохирол учруулж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлжээ.
Лхагва гарагт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг /NSA/ PHP ашигладаг байгууллагуудад хандан аюулгүй байдлын шинэчлэлтүүдийг яаралтай нэвтрүүлэхийг анхааруулсан байна. Эс бөгөөс хакерууд серверийн файлын систем болон мэдээллийн санд шууд нэвтрэх эрсдэлтэй гэж тус агентлаг мэдэгджээ. Хэрэв шинэчлэлтийг нэн даруй хийх боломжгүй бол сул талыг бүрэн арилгах хүртэл холбогдох системүүдийг сүлжээнээс тусгаарлахыг зөвлөсөн байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос /FBI/ мөн хортой үйл ажиллагаа явуулдаг этгээдүүд эдгээр сул талыг ашиглан алсаас код ажиллуулж, нууц мэдээлэл болон сүлжээний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүйг анхааруулжээ.
Түүнчлэн Сингапур, Их Британи, Австрали, Канад болон Европын Холбооны цахим аюулгүй байдлын байгууллагууд сэрэмжлүүлэг гаргаж, PHP-д суурилсан систем ашигладаг аж ахуйн нэгж, төрийн байгууллага болон бусад хэрэглэгчдэд учирч болзошгүй эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Л.Буянаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!