БЭЭЖИН, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /КАЗИНФОРМ/. “Үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдэл” гэх асуудлаар явуулсан хяналт шалгалтын дараа БНХАУ-ыг оролцуулаад 14 улсын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахаар АНУ төлөвлөж буйг эрс эсэргүүцэж байгаагаа Хятадын тал илэрхийллээ.
БНХАУ-ын Худалдааны яамны төлөөлөгч Хэ Ядун хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, олон улсын эдийн засгийн дэг журмыг сулруулж, Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчиж буй Вашингтоны үйлдлүүд бол нэг талыг барьсан бодлогын илрэл юм гэв.
11 дүгээр сарын 25-ны мягмар гарагт АНУ-ын Худалдааны яам "301 дүгээр зүйл"-ийн дагуу явуулсан хяналт шалгалтынхаа дүнг танилцуулж, авах арга хэмжээний талаарх саналуудаа дэвшүүлсэн юм. Үүнээс өмнө Хятад улс өөрийн байр суурийг дэлгэрэнгүй тусгасан бодлогын баримт бичгийг гаргасан бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн гэх мэдэгдлийг няцаажээ.
Зарим улс орон "илүүдэл хүчин чадал"-ын асуудлыг протекционизм буюу дотоодын зах зээлээ хамгаалж, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалах шалтаг болгон ашиглаж, зах зээлийн хэвийн өрсөлдөөнийг улс төржүүлэн, аж үйлдвэрийн хөгжлийн асуудлыг улс төрийн хэрэгсэл болгон хувиргаж байна хэмээн Хэ Ядун мэдэгдлээ.
Ийм арга хэмжээнүүд нь тухайн улс орнуудын дотоод дахь бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болохгүй бөгөөд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ болон аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны аюулгүй тогтвортой байдлыг алдагдуулж, дэлхий дахинд инфляцыг хурдасган, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашигт хохирол учруулж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд урт хугацаанд тогтолцооны шинжтэй эрсдэлүүдийг бий болгоно гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Хэ Ядун Вашингтонд хандан, алдаатай үйлдлүүдээ залруулж, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг уриалав. Мөн Хятадын тал үүссэн нөхцөл байдлыг анхааралтай ажиглахын зэрэгцээ өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно гэдгийг мэдэгдсэн байна.
Өмнө нь мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид худалдааны том түншүүд болох Хятад, Япон, Европын Холбоо, Энэтхэг зэрэг 14 улсын бараанд шинээр нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Adyakhuu Batbazar

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!