ТОКИО, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /ТАСС/. Японы хөл бөмбөгийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан Козо Ташима Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Энэ тухайгаа тэрбээр Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
ФИФА-гийн тэргүүний сонгууль 2027 оны гуравдугаар сард болох бөгөөд нэр дэвшигчид оролцох хүсэлтээ 11 дүгээр сарын 18-наас өмнө өгөх ёстой.
Ташимагийн ярьснаар, ДАШТ-2026-гийн үеэр дэгдсэн хоёр дуулиан буюу АНУ-ын шигшээ багийн довтлогч Фоларин Балогуны эрхийг хассан шийдвэрийг хүчингүй болгосон, Ираны шигшээ баг хилээр нэвтрэхэд АНУ хязгаарлалт тогтоосон нь түүнийг нэрээ дэвшүүлэхэд хүргэсэн гол шалтгаан ажээ. "Бизнес, мөнгөний эрин үед аливаа спорт нь өөрийн үнэ цэн, шударга байдал, бүрэн бүтэн байдлаа хадгалж үлдэх ёстой. Хөндлөнгийн бусад хүчин зүйлс үүнд оролцож, талбай дээр болж буй үйл явдалд нөлөөлсөнд би маш их сэтгэл дундуур байсан" гэж нэр дэвшигч хэллээ.
Өдгөө 68 настай Козо Ташима 2016-2018 онд Японы хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сард ФИФА-гийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.
ФИФА-гийн одоогийн ерөнхийлөгч, өдгөө 56 настай Швейцарын иргэн Жанни Инфантино тус холбооны тэргүүнээр 2016 оны хоёрдугаар сард сонгогдсон бөгөөд дараа нь хоёр дараалан өрсөлдөгчгүйгээр улиран сонгогдсон юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!