НҮБ-ын Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээнд хэрэгжүүлж буй нүүрстөрөгчийн кредит арилжааны тогтолцоонд хамрагдсан 15 улсын аль нь ч шаардлагыг бүрэн хангаагүй гэж олон улсын шинжээчдийн баг дүгнэжээ. Эдгээр улсын дунд Монгол Улс багтсан байна.
Нүүрстөрөгчийн кредитийн арилжаа гэдэг нь нэг улс нөгөө улсад санхүүгийн дэмжлэг үзүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл хэрэгжүүлнэ. Үүний үр дүнг тухайн дэмжлэг олгосон улс өөрийн улсын уур амьсгалын зорилтод хэрэгжүүлсэн, тусалсан зэргээр тооцуулах боломжтой тогтолцоо юм. Жишээлбэл, нэг улс нөгөө улсад мод тарих, ой хамгаалах төсөл хэрэгжүүлэхэд нь мөнгө өгч, үүний үр дүнд бий болсон ялгарлын бууралтыг өөрийн амжилтад тооцож болно.
Гэхдээ ийм арилжаа хийхдээ ялгарлыг бодитоор бууруулсан эсэх, үр дүнг зөв тооцож байгаа эсэх, нэг бууралтыг хоёр улс давхар бүртгэхээс хэрхэн сэргийлэхээ нотлох шаардлагатай байдаг.
Шинжээчдийн шалгалтаар 15 улсын тайланд эдгээр асуудлыг хангалттай тайлбарлаагүй зөрчил илэрчээ. Тухайлбал, нүүрстөрөгчийн кредитийг бүртгэх, хянах тогтолцоо нь тодорхойгүй, ялгарлыг бууруулсан үр дүнгээ бодитой тооцож байгаагаа нотолж чадаагүй байна.
Мөн зарим улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан хэмжээнээсээ илүү их бууруулсан мэт худал тайлагнах эрсдэл байгааг шинжээчид анхааруулжээ. Ингэснээр цаасан дээр хүлэмжийн хийн ялгарал буурсан мэт харагдах боловч бодит байдал дээр дэлхийн хэмжээнд ялгарал буурахгүй байх аюултай юм.
Түүнчлэн нүүрстөрөгчийн кредитийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ тухайн улс орон орон нутгийн иргэд, уугуул хүмүүс болон нийгмийн эмзэг бүлгийн эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Мөн 2024 онд батлагдсан шинэ шаардлагуудыг 2026 онд шалгуулсан улсуудын аль нь ч тайландаа тусгаагүй аж. Судлаачид зөвхөн улс орнуудын тайланд бус, хяналт шалгалтын тогтолцоонд ч асуудал байгааг онцолжээ. Тухайлбал, тайлангууд хэт урт, мэргэжлийн нэр томьёо ихтэйгээс болж олон нийтэд ойлгомжгүй байгааг онцолсон. Мөн хяналт шалгалтын санхүүжилт хангалтгүй байгаа нь үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй байна гэж үзэж байна.
Тиймээс улс орнууд нүүрстөрөгчийн кредитийн арилжаанд оролцохдоо ялгарлыг бодитоор бууруулж, үр дүнгээ үнэн зөв бүртгэх, хүний эрхийг хамгаалах тогтолцоогоо сайжруулах шаардлагатайг шинжээчид онцолжээ. Эдгээр асуудлыг ирэх "COP31" буюу Туркийн Анталья хотод болох НҮБ-ын Уур амьсгалын бага хурлаар хэлэлцэх юм.

Энэ бол 15 улсын шалгалтын дүнг нэг дор харуулсан зураг юм. Цайвар цэнхэр нь зөрүү гарсан хэсгийг, хар хөх нь ноцтой зөрүү гарсныг илтгэж байна
МОНГОЛЫН ТАЛААР ЮУ ГЭЖ ДУРДСАН БАЙВ?
1. Монгол Улс нүүрстөрөгчийн кредит худалдагч орон юм
2026 онд шалгуулсан 10 улсын ес нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах төсөл хэрэгжүүлж, бий болсон кредитээ бусад улсад худалдах боломжтой орнууд байжээ. Үүнд Монгол Улс, Шри Ланка, Мальдив, Палау, Тунис, Камбож, Малави, Руанда, Зимбабве багтсан байна. Харин Япон улс худалдан авагчийн үүрэгтэй оролцож байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бусад улсаас нүүрстөрөгчийн кредит худалдаж авах биш, харин өөрийн нутаг дэвсгэрт ялгарлыг бууруулах төсөл хэрэгжүүлж, түүний үр дүнг арилжаалах тал юм.
2. Монгол Улс ялгарлыг бодитоор бууруулснаа хангалттай нотлоогүй
Энэ бол шинжээчдийн тавьсан гол шүүмжлэлийн нэг. Монгол Улс нүүрстөрөгчийн кредитийг бүртгэхдээ нэг бууралтыг хоёр улс давхар өөрийн амжилтад тооцохоос сэргийлж, тооцоондоо зохих өөрчлөлт оруулдаг гэж тайлбарлажээ. Гэвч шинжээчид энэ нь хүлэмжийн хийн ялгарлыг бодитоор бууруулсныг нотлох хангалттай үндэслэл биш гэж үзжээ. Яагаад гэвэл нэг бууралтыг хоёр удаа тооцохгүй байх нь зөвхөн бүртгэлийн асуудал.
Харин тухайн төсөл үнэхээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан уу гэдгийг тусад нь нотлох ёстой.
Тухайлбал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл хэрэгжүүлээгүй байсан тохиолдолд хэр хэмжээний хий ялгарах байсныг зөв тооцсон эсэх, хэрэгжүүлсэн төслийн үр дүнд ялгарал хэдий хэмжээгээр буурсныг илүү тодорхой тайлбарлах шаардлагатайг онцолсон байна.
3. Хүний эрхийн хамгаалалтын талаар хангалттай мэдээлэл өгөөгүй
Монгол Улс нүүрстөрөгчийн кредитийн төсөл хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хэрхэн хамгаалах, хамгаалж байсан талаараа хангалттай тайлбарлаагүй байна. Зөвхөн жендэрийн эрх тэгш байдлын тухай Японы хөтөлбөрийн удирдамжийг дурдсан байжээ. Гэвч шинжээчид үүнийг хэт явцуу тайлбар гэж үзжээ.
Учир нь нүүрстөрөгчийн төсөл хэрэгжүүлэхэд зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдлыг хангах биш, тухайн газарт амьдарч буй орон нутгийн иргэд, уугуул хүмүүс, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагаач ажилчид зэрэг олон бүлгийн эрх ашгийг хамгаалах ёстой.
Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлснээр тухайн нутагт амьдардаг хүмүүсийн газар ашиглах эрх, амьдралын нөхцөл, эрх ашигт хохирол учрахгүй гэдгийг тайлбарлах шаардлагатай гэсэн үг.
4. Монгол Улс "Алсын хараа-2050"-ийг үндэслэл болгосон ч хангалтгүй гэж үзжээ
Шинжээчдийн хүний эрх, байгаль орчин, нийгмийг хэрхэн хамгаалах тухай асуултад Монгол Улс үндэсний урт хугацааны хөгжлийн бодлого болох "Алсын хараа-2050"-ийг дурдсан байна. Гэхдээ шинжээчид зөвхөн үндэсний бодлогын баримт бичиг асуултын хариулт болохгүй гэж үзжээ.
Харин уг бодлогод туссан зорилтуудыг нүүрстөрөгчийн кредитийн тодорхой төслүүдэд хэрхэн хэрэгжүүлж, иргэдийн эрх ашгийг ямар арга замаар хамгаалах талаар тодорхой тайлбарлах шаардлагатай гэж зөвлөсөн байна.
Шинжээчид Монгол Улсыг нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулаагүй гэж буруутгаагүй. Харин ялгарлыг бодитоор бууруулж байгаагаа хэрхэн нотлож, төслийн хүрээнд хүний эрхийг яаж хамгаалах талаар тодорхой мэдээлэл хангалттай өгөөгүй гэж үзсэн байна.
Мөн 2024 онд нэмэгдсэн шинэ шаардлагуудыг 2026 оны тайландаа тусгаагүй байсныг дурдах хэрэгтэй. Үүнд хүлэмжийн хийн ялгаруулалт ихтэй технологи, дэд бүтцээс урт хугацаанд хамааралтай болохоос хэрхэн сэргийлэх, төслийн үр өгөөжийг хэрхэн хуваарилах, олон нийтийг шийдвэр гаргахад хэрхэн оролцуулах зэрэг асуудал багтжээ. Энэ нь Монгол Улс нүүрстөрөгчийн кредит арилжаалах эрхгүй болсон гэсэн үг биш, харин тайлан, хяналтын тогтолцоогоо сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт юм.
ЭХ СУРВАЛЖ: CARBON MARKET WATCH /News.MN/

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!