
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцааг 2024 онд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснийг төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэж, аж үйлдвэр, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Хоёр улсын Ерөнхийлөгч нар энэ онд Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, оюутан, багш, судлаачдын солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
Мөн айлчлалын хүрээнд “Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөг”-ийг анх удаа зохион байгуулж байгаа нь их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!