
Узбекистаны нийслэл Ташкент хотноо 11 дүгээр сарын 19-нд эхэлсэн жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс Монголын тамирчин Т.Ариунзаяа эмэгтэйчүүдийн 57 кг жинд алтан медалийн эзэн боллоо.
Тус тэмцээний эхний өдрийн 5 жингийн барилдаанд Монголын 8 бөх дэвжээнд гарснаас ийнхүү эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Т.Ариунзаяа төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр 1 дүгээр тойрогт гоц мөргөсөн, 2 дугаар тойрогт Туркменистан, 3 дугаар тойрогт Узбекистан /залуучуудын дэлхийн чансааны 2/, 4 дүгээр тойрог буюу хэсгийн аваргын төлөө Венесуэл, 5 дугаар тойрог буюу зооны аваргын төлөө Азербайжан /залуучуудын дэлхийн чансааны 3/ тамирчдыг тус тус ялж, аваргын алтан медалийн төлөө шалгарсан.
Алтан медалийн төлөө залуучуудын дэлхийн чансааны 4 дүгээрт эрэмбэлэгдэж буй Киргизстан улсын тамирчин Жана Жолдошеваг үндсэн цагт хутгах мэхээр юүко үнэлгээ, улмаар сугадаж тонгорох мэхээр цэвэр ялж Залуучуудын дэлхийн аваргад түрүүлсэн гурав дах Монгол жүдоч болсон байна. Энэ 2 тамирчны тухайд хоорондоо 5 удаа таарахад бүгдэд нь манай тамирчин ялж байгаа аж.
Өдгөө 18 настай Т.Ариунзаяа өсвөр ба залуучуудын дэлхийн аваргад түрүүлсэн Монголын анхны жүдоч болсон төдийгүй залуучуудын ангиллын тэмцээнд дэлхийн чансааны оноогүй сугалаагаар шийдэгдэж оролцсон.

Монголын багийг удирдан яваа Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын хувьд гурав дахь дэлхийн аварга цолтноо төрүүлж байна. Тэрбээр өмнө нь 2024 онд Перу улсын Лима хотод болсон өсвөрийн ДАШТ-д баг удирдан явахдаа анхны дэлхий аваргаа төрүүлсэн нь Т.Ариунзаяа байв. /Монголын анхны өсвөрийн дэлхийн аварга/






Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!