Улаангом. 2026 оны 11 дүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Увс аймгийн төвийн хамгийн эртний барилгын нэг Харлаг бэйс Аюурзанын 1913-1916 оны үед Улаангомын хүрээнд өөрийн хөрөнгөөр монгол, хятад дархчуудаар бариулсан хоёр давхар байшин юм.

Энэхүү байшин нь европ хийцийн загвартай бөгөөд шавар дээвэр, модон тааз, тоосгон хана, давхар модон цонхтой. Гадна, дотор талд нь хээ угалз чимэглэлгүй, цулгуй цагаан өнгийн шохойгоор буджээ. Богд хааны өвлийн ордонтой төстэй уг байшингийн дээд давхарт гаднын зочдыг байрлуулдаг байсан бөгөөд нарийн модон вандан байрлуулжээ. Харин доод давхарт нь хятад хийцийн уламжлалт халаалтын байгууламж буюу халуун ханзтай, дээд давхарт гадна талаас нь шатаар дамжин ордог байжээ. Аюурзана бэйс өөрөө хавар, намрын улиралд энэ байшинд амьдардаг байсан тухай судлаачид тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр хоёр давхар байшингийнхаа хажууд хүнсний зүйл хадгалах зориулалттай урт цагаан байшинг ердийн тоосгоор бариулжээ.
Харлаг бэйс уг байшингаа Дөрвөд аймагт анхны хоршоо байгуулагдахад зориулан өгч байсан гэх мэдээ бий. Тус барилгыг 1998 онд сэргээн засварласан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 161 дүгээр тогтоолоор аймгийн хамгаалалтад авчээ.

Хошой чин ван Гомбожавын хүү Аюурзана 1883 онд төржээ. Тэрбээр 1913 онд баруун хязгаарт хасгуудын довтолгоон гарахад Баруун хязгаарыг тохинуулах сайдын хамт цэрэг удирдан тулалдаж, довтолгоог амжилттай няцааж байв. Мөн 1913 оноос Зоригт ханы хошууны хэргийг эрхлэн шийтгэж, 1920 онд Монголын автономит засгийг сэргээх асуудлаар Бээжинд очсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд баруун хязгаарыг төлөөлөн оролцжээ. Тэр онд Ховдын сайдаар томилогдсон бол 1921 онд Мөстийн бэлчирт байгуулагдсан Баруун Монголын Ардын засгийн газрын Дотоод яамны сайдаар ажиллаж байв.
1922 онд Гомбо-Идшин гүнийг Ховдод суух төлөөний сайдаар томилсны дараа Аюурзана бэйс Дөрвөдийн баруун чуулганы даргаар томилогджээ. Улмаар 1923-1924 онд Монгол Улсын Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэлээр ажиллаж байгаад чөлөө хүсэж, нутагтаа буцаж ирсэн байна. 1928 онд “Дөрвөдийг тусгаарлах гэсэн шар Санжийн хэрэг”-т холбогдон байцаагдаж, 1929 онд нас баржээ.
Аюурзана бэйсийг “Харлаг бэйс” хэмээн нэрлэх болсон нь залуудаа хийдэд шавилан сууж байгаад ламын хувцсаа тайлж, хар болсон түүхтэй холбоотой аж. Түүнийг сэргэлэн цовоо, авхаалж самбаатай, эрдэм номтой тайж байсан хэмээн тэмдэглэдэг. Мөн өөрийн хөрөнгөөсөө ядарч зүдэрсэн лам, хар, эгэл ардад харамгүй өглөг өгдөг, буяны үйлсэд шамддаг ноён байжээ.
Дөрвөдийн Үнэн Зоригт ханы дүү Харлаг бэйс Аюурзана нутаг усандаа гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан Жинжийбадам, Дэжид, Заяа хэмээх гурван эгч дүүсийн дундах Дэжидийг хатнаа болгож, эгч Жинжийбадамыг аягачнаар авч байсан гэх түүх бий.
Хожим Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Догсом баруун хязгаарт шинэ засгийн бодлогыг таниулан сурталчлахаар Увс аймгийн Чандмань суманд ажиллах үеэрээ Жинжийбадамтай танилцаж, улмаар хайр сэтгэлийн холбоотой болсон гэдэг. Түүнд зориулан “Хөх торгон дээл” дууг зохиожээ.
Харлаг бэйс Аюурзанын гэрэл зураг одоогоор олдоогүй бөгөөд харин түүний хатан Б.Дэжидийн гэрэл зураг хадгалагдан үлджээ.



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!