СӨҮЛ, 2026 оны аравдугаар сарын 29 /Kazinform/. Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн тооцоолж байгаагаар, энэ онд тус улсад зочлох гадаадын жуулчдын тоо анх удаа 20 саяас давж, шинэ дээд үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байна. Энэ тухай The Korea сонинд бичсэнийг Kazinform агентлаг дамжууллаа.
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны урьдчилсан мэдээллээр, он гарснаас хойш энэ долоо хоног эхлэх хүртэлх хугацаанд тус улсад 18 сая 910 мянган жуулчин ирсэн нь өнгөрсөн оны туршид ирсэн жуулчдын тоо болох 18.94 саяд тун ойртжээ.
Яамны хийж буй таамаглалаар, 11 дүгээр сард дахин 1.94 сая жуулчин ирэх бөгөөд эл хандлага хадгалагдах аваас тухайн сарын 3 дахь долоо хоногт жуулчдын нийт тоо 20 саяас давах төлөвтэй байна. Ингэснээр он дуусахаас хоёр сарын өмнө өнгөрсөн оны дээд үзүүлэлтэд хүрснээр жилд 23 сая жуулчин хүлээн авна гэсэн засгийн газрын зорилт биелэхэд ойрхон болжээ. Ялангуяа Хятад, Япон, Зүүн Өмнөд Ази, Европ, Америкаас ирж буй жуулчдын урсгал нэмэгдсэн байна. Сөүлээс бусад бүс нутагт зочилж буй гадаадын жуулчдын тоо өссөн бөгөөд тэд орон нутгийн нисэх онгоцны буудлууд, далайн боомтуудаар дамжих нь нэмэгджээ.
Тус улс жуулчдын сонирхлыг улам ихээр татаж байгаа нь Солонгосын поп урлаг дэлхий дахинаа нэр хүндтэй болсон, аялал жуулчлалын салбарын хөгжил, солонгосчуудын зочломтгой зан чанартай холбоотой.
Жуулчдын зарцуулж буй мөнгөний хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47.7 хувиар өссөн бөгөөд голдуу худалдан авалт, зочид буудал, эмнэлгийн болон чийрэгжүүлэлт, сувиллын үйлчилгээнд зарцуулсан байна.
Өмнө нь мэдээлснээр, к-поп урлагийн BTS хамтлаг нэрд гарч буй энэ үед жуулчдын урсгал дээд үзүүлтэд хүрлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!