БЭЭЖИН, 2026 оны аравдугаар сарын 28 /CGTN/. БНХАУ-ын Шюнъань хэмээх шинэ бүсэд газар дээрх, доорх болон цахим дэд бүтцийг нэг системд нэгтгэсэн “гурван хот” үзэл баримтлалыг танилцууллаа. Энэхүү шинэлэг төслийг тус улсын Хэбэй мужид болсон Дэлхийн засаглалын форумын үеэр танилцуулсан байна
Шюнъань шинэ бүсийн газар доорх дэд бүтцийн үндэс суурь нь нийт 106 километр урт инженерийн шугам сүлжээний хонгил болсон байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар уг систем 1500 гаруй хоногийн турш тасралтгүй, доголдолгүй ажиллажээ.
Уламжлалт хиймэл дагуулын дохио хүрдэггүй газар доорх орчинд байршил тогтоох, чиг баримжаа авахын тулд Шюнъаньд Хятадын “Бэйдоу” хиймэл дагуулын навигацын систем болон 5G технологид суурилсан дотоод байршил тогтоох систем нэвтрүүлсэн байна.
Газар доорх сүлжээг бүхэлд нь хотын “дижитал ихэр” загвар болгон хөгжүүлжээ. Барилга байгууламжийн мэдээллийн загвар болон мэдрэгч төхөөрөмжүүд усны даралт, температур, чийгшил, хийн агууламжийг бодит цагийн горимоор хянаж, мэдээллийг нэгдсэн удирдлагын төвд дамжуулдаг байна.
Ирээдүйн хотын газар доорх хонгилуудад үзлэг, шалгалт хийхдээ Хятадын мэргэжилтнүүд робот туслахууд ашиглаж байна. “Өмнө нь нэг дүүргийн 11.75 километр урт газар доорх хонгилд үзлэг хийхэд хоёр мэргэжилтэн 22 цаг зарцуулдаг байсан. Харин одоо дөрвөн хөлт таван робот уг ажлыг гурав, дөрвөн цагт гүйцэтгэж байна” гэж инженер Вэй Зырэнь ярьжээ.
Бээжин хотоос баруун урагш 100 орчим км-ийн зайд орших Шюнъань шинэ бүсийг БНХАУ-ын эрх баригчдын санаачилгаар нийслэлийн ачааллыг бууруулах зорилготой, өндөр технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй бүс нутгийн төв болгон байгуулж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!