Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондоны амьтан судлалын нийгэмлэг (ZSL) болон олон улсын 100 гаруй шилдэг эрдэмтэд хамтран “Амьд ертөнцийн тайлан-2026”-г танилцууллаа.
Энэ удаагийн тайланд мөхөхөд ойрхон байсан зарим амьтдын тоо толгой эргэн сэргэж, байгаль хамгааллын ажил үр дүнд хүрсэн эерэг жишээг онцолсон байна. Тэдгээрийн дотроос зөвхөн Монголд байдаг унаган амьтан болох Монгол бөхөнгийн популяц сэргэсэн туршлага олон улсын анхаарлыг татаж байна.
Байгаль болон нийгмийн сөрөг нөлөөллийн улмаас Монгол бөхөнгийн тоо толгой эрс цөөрч, тархац нутаг нь хумигдсаар 1981 онд ердөө 1000 гаруйхан бөхөн Шаргын говьд үлдээд байв. Нутгийн унаган амьтан болох монгол бөхөнг мөхлөөс аврахын тулд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 1997 оноос эхлэн талуудтай хамтран хамгааллын ажлыг тасралтгүй хийсэн байна. Ингэснээр1998 оны судалгаагаар 3000 монгол бөхөн үлдээд байв.
Амжилтад хүргэсэн гол шийдлүүд:
Олон жилийн турш хийсэн дараах оновчтой хамгааллын ажлууд өнөөгийн эерэг үр дүнг авчирсан байна:
- Хууль эрх зүй ба тусгай хамгаалалт: Бөхөнгийн тархац нутгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авч, эрх зүйн орчныг сайжруулсан.
- Хууль бус агнуурыг таслан зогсоосон нь: Бөхөн хамгаалагчдаас бүрдсэн сүлжээ баг байгуулж, хяналт шалгалтыг тогтмолжуулсан.
- Иргэдийн оролцоо: Нутгийн иргэдийн мэдлэг, хандлагыг сайжруулах сурталчилгааг өргөн цар хүрээтэй хийснээр иргэд өөрсдийн санаачилгаар хамгааллын ажилд оролцдог болсон.
- Амьдрах орчныг сэргээсэн нь: Бөхөн ундаалдаг булаг шандын эхийг хашиж хамгаалсан нь амьдрах орчныг нь сайжруулжээ.
Сүүлийн үеийн судалгааны дүн тун эерэг гарсан байна. Тухайлбал, 2025 оны судалгаагаар Монгол бөхөнгийн тоо толгой өсөж 28,800 гаруйд хүрснийг тогтоожээ.
Хамгаалалт сайжирсны үр дүнд Монгол бөхөн өмнөх түүхэн тархац нутаг болох Хяргас нуурын хөндийд олон жилийн дараа эргэн ирж байршсан бөгөөд тус бүс нутагт одоогоор 1,659 бөхөн нэмэгдэн нутагшаад байна.
"Энэхүү амжилт нь том биетэй хөхтөн амьтныг зориудаар нутагшуулах биш, харин хамгааллын оновчтой арга хэлбэр, менежментийг хэрэгжүүлснээр амьтан байгалийн жамаараа нүүдэллэн тархаж, популяци нь сэргэх бүрэн боломжтойг харуулсан зэрлэг амьтан хамгааллын сонгодог жишээ болж байна" гэж мэргэжилтнүүд онцоллоо.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Гармаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!