Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотод AJP холбооны жиү жицүгийн бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь өдрөө үргэлжилж байна.
130 орны 12 мянга гаруй тамирчин өсвөр, насанд хүрэгчид, мастерс ангилалд ур чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөж байгаа тус тэмцээнд манай улсаас 70 орчим тамирчин оролцож байгаа юм. 12 өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнээс манай тамирчид одоогийн байдлаар 18 медаль хүртээд байна. Үүнээс мастерс ангилалд манай таван бөх медаль хүртжээ. Тэднээс онцолбол эрэгтэйчүүдийн М3 ангиллын ягаан бүсний -77 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Б.Бундхорол алтан медаль хүртсэнээр хошой аварга болжээ.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн М1 ангилал хар бүсний -95кг жинд барилдсан “Thunder bjj” академийн тамирчин Б.Хулан алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүний хувьд AJP холбооны ДАШТ-ээс гурав дахь медалиа авч байгаа нь энэ. Үүнээс гадна жиү жицүгээр ДАШТ-ээс найм дахь медалиа хүртлээ. Тэгвэл насанд хүрэгчдийн бүсний ангилалд Өмнөговь аймгийн “Говь Пантера” дэвжээний тамирчин Б.Цолсон цэнхэр бүсний мастер хоёр ангилалд түрүүлэв. Мөн энэ ангилалд дөрвөн тамирчин мөнгө, хүрэл медаль зүүжээ.
Харин өсвөрийн ангилалд манай улсаас 40 гаруй тамирчин оролцсоноос таван алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирсэн байна. Тэмцээн энэ сарын 21-нд өндөрлөнө.


Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Munkhzul Batsukh

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!