Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дэлхийн банкнаас Мөрөн нисэх онгоцны буудлыг 4С ангиллын агаарын хөлөгт үйлчлэх хүчин чадалтай болгох техник, эдийн засгийн судалгааг эхлүүлэхээ мэдэгдсэнийг ЗТЯ мэдээллээ.
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн тээврийн салбарын менежер Фэй дэн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэр дээрх хүсэлтээ илэрхийлэхэд Дэлхийн банк шаардлагатай судалгааг эхлүүлэхээ ийнхүү мэдэгджээ. ЗТЯ-наас Дэлхийн банкны буцалтгүй сангийн хөрөнгөөр бүс нутгийн хөгжил, эдийн засгийн стратегийн ач холбогдол бүхий Ховд, Мөрөн нисэх онгоцны буудлыг өргөтгөж, олон улсын статустай болгох төслийн ТЭЗҮ, бусад судалгааг хамтран хийх санал хүргүүлсэн байдаг.
Түүнчлэн Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Монгол Улсын тээврийн холболт, логистикийг хөгжүүлэх төсөл”-өөр Монголын авто замын сүлжээний хамгийн их хөдөлгөөний эрчимтэй, ачаалал бүхий улсын чанартай авто замын сүлжээний хэсгийг шинэчилж, 368 км хатуу хучилттай авто зам, 7 байршил дахь 876 у/м гүүрийг засна. Энэ оноос үндсэн зам, барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа.
Дэлхийн банкны төлөөлөгч Фэй дэн, “Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг 6 эгнээ болгон өргөтгөх төсөлд бид ач холбогдол өгч байна. Учир нь эртний Хархорин хоттой холбогдож байгаа нь түүх, эдийн засгийн ач холбогдолтой, санхүүгийн хувьд өрсөлдөх чадвартай байх ёстой гэж үзсэн. Өөрөө өөрийгөө санхүүжүүлэх чадамжтай эсэх нь хамгийн чухал” гэв.
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай “Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 270 км авто замыг 4 эгнээ болгох төслийг банкны шаардлагад нийцүүлэх хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр холбогдох судалгаа эхлүүлсэнд талархаад, “2.2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг шийдэж, тус авто замын ТЭЗҮ, урьдчилсан зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээг шалгаруулахаар бэлтгэж байна. Одоо хэрэгжиж буй төслийн хүрээнд Хөшгийн хөндийд логистикийн төв байгуулах ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулж байна. Цаашид бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах тал дээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Оюундэлгэр

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!