ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 27 /Kazinform/. Нөхөн төлбөр аваад сайн дураараа ажлаасаа халагдахыг Microsoft компанийн удирдлага 60 мянга орчим ажилтандаа санал болгожээ. Сайн дураараа халагдах хөтөлбөр нь тус компанийн нийт ажилтны ¼ орчмыг хамрах бөгөөд албадан ажлаас чөлөөлөхгүйгээр зардал хэмнэх боломжийг олгох юм.
Тус компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулж, хүний нөөцөө цомхотгож эхэлснээр дээрх саналыг ажилтнууддаа тавьсан байна. Энэ удаагийн цомхотгол нь АНУ, Канад, Энэтхэг, Их Британи дахь салбаруудын ажилтнуудыг хамрах ажээ. Гэхдээ борлуулалтын, инженерийн ба компанийн үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг зарим хэлтсүүд цомхотголд орохгүй гэнэ.
Microsoft-ийн хүний нөөцийн хэлтсийн захирал Эми Коулманаас ажилтнууддаа илгээсэн албан бичигт дурдсанаар, дээрх хөтөлбөр нь ажилтнууд цаашдын мэргэжлийн замналаа бие даан тодорхойлоход илүү их боломжийг олгох ажээ.
Нөхөн төлбөрийн нөхцөл нь компанийн бусад багцтай ижил байх юм. Өмнөх хөтөлбөрүүдэд хамрагдан ажлаасаа сайн дураараа халагдсан ажилтнуудын ихэнх нь ажилласан жил болон албан тушаалаас хамааран 39 долоо хоногийн цалинтай дүйцэх нөхөн төлбөр авч байв.
Ажилтнууд сайн дураараа халагдах шийдвэрээ 12 дугаар сараас өмнө гаргах ба оны сүүлчээр цомхотгол явагдах ажээ. Өмнө нь сайн дураараа тэтгэвэрт гарах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9 мянга орчим ажилтан хамрагдаж байв.
Зургаадугаар сарын эцсийн байдлаар Microsoft компаниди 223 мянга орчим хүн ажиллаж байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!