СӨҮЛ, 2026 оны аравдугаар сарын 6 /Yonhap/. АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Tesla" компани есдүгээр сард Өмнөд Солонгосын импортын суудлын автомашины зах зээлийг найман сар дараалан борлуулалтаараа тэргүүлсэн болохыг мягмар гарагт нийтэлсэн салбарын мэдээлэл харуулжээ.
Солонгосын Импортын автомашин борлуулагчдын холбооноос (KAIDA) мэдээлснээр, өнгөрсөн сард 34 904 импортын суудлын автомашин шинээр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар өссөн байна.
"Tesla" компани 12 372 ширхэг автомашин борлуулж зах зээлийг тэргүүлсэн бөгөөд хоёрдугаар сараас хойш энэхүү байр сууриа алдалгүй хадгалжээ.
"BMW" компани 6 066 автомашин борлуулснаар хоёрдугаар байрт бичигдсэн бол гуравдугаарт "Mercedes-Benz" /5 477/, дөрөвдүгээрт Хятадын "BYD" компани /2 614/ орсон байна.
Өнгөрсөн сард “Tesla”-гийн “Model Y L" загвар 8 690 ширхэг зарагдсанаар импортын автомашины хамгийн их борлуулалттай загвар болсон байна. Уг загварын дараа “Model Y Premium” /2567/, “Mercedes-Benz E200” /2133/ загварууд бичигджээ.
"Tesla", "BYD" зэрэг брэндүүдийн цахилгаан автомашины эрэлт өндөр байсантай холбоотойгоор есдүгээр сард импортоор оруулж ирсэн нийт суудлын автомашины 52.1 хувийг цахилгаан автомашинууд эзэлжээ.`
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Л.Буянаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!