Улаанбаатар , 2026 оны арваннэгдүгээр сарын 10/ МОНЦАМЭ/. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүллээ.
Есөн хөлт цагаан туг бол Монгол төрийн сүр жавхаа, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл юм. 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулиар “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж заасан байна. Төрийн есөн хөлт цагаан тугийн байршилт, интерьер, суурийн ажлын зургийг архитекторч Я.Амарсайхан, тугийг СУИС-ийн багш дархан Д.Энхдаваагийн удирдлагаар дархчууд урлан бүтээжээ. Төрийн тугийг Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотын адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай, дэл сүүлний дээжээс бүрдүүлэн авч урласан байдаг.
Төрийн тугийг цэнгүүлэхэд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бүрэлдэхүүн, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид оролцож, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.









Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!