Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дотоодын арьс шир боловсруулах салбарт шинэ хуудас нээсэн желатины үйлдвэрийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Дархан минж” ХХК хөнгөлөлттэй зээл авч, “Мон Желат” желатины үйлдвэрийг байгуулсан бөгөөд нээлтийн ёслолын үеэр үйлдвэрийн хөдөлгүүрийг асаалаа.
Тус үйлдвэр малын гаралтай түүхий эдийн хатуу хаягдал болон арьс ширийг орчин үеийн технологиор боловсруулж, хүнсний болон үйлдвэрлэлийн зориулалттай желатин, усанд уусдаг органик бордоо үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх юм.

Тус үйлдвэр жилд 300 мянган ширхэг үхрийн арьс боловсруулах хүчин чадалтай бөгөөд таван орны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн технологид суурилжээ. Мөн хаягдал усны 70 хувийг цэвэршүүлэн дахин ашиглах иж бүрэн системтэй аж.
Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд анх удаа малын гаралтай түүхий эдээр экспортын шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгох, арьс ширний хаягдлыг дахин ашиглаж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн орон нутагт байнгын болон түр 50-80 ажлын байр шинээр нэмэгдэж байна.

“Мон Желат” үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон орон нутгийн удирдлагууд оролцож, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Желатин нь мал, амьтны арьс, яс, шөрмөс, холбогч эдэд агуулагддаг коллаген хэмээх уургийг боловсруулж гарган авдаг, өнгө, үнэргүй уургийн нэгдэл юм.
Желатиныг хүнсний үйлдвэрлэлд өтгөрүүлэх, барьцалдуулах, хэлбэржүүлэх зориулалтаар өргөн ашигладаг. Тухайлбал, цэлцгэнүүр, резинэн чихэр, мармелад хийхээс гадна тараг, зайрмаг, бялууны кремийн бүтцийг тогтвортой байлгах, лаазалсан мах болон махан бүтээгдэхүүний шүүсийг царцаахад хэрэглэдэг байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг /Дархан-Уул аймаг Л.Отгонбаатар/

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!