Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. БОУАӨ-ийн сайдын тушаал, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг, шинжээчдийн баг Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийг хамтран хийж байна.
Ажлын хэсэг Ханчандмань уулын хусан ойн бүс, Хөтөл нуурын нарсан төгөл, Ар сүмийн хоолойн нарсан төгөл, Нөмрөгийн гол, Дэгээ гол орчмын түймэрт өртсөн талбайд ажиллаж байгаа. Гэвч дархан цаазат газрын онгон, онцгой хамгаалалтын бүсийн зүүн хэсэгт байрлах зарим ойн талбайд хүрэх замгүй, намаг, усархаг хотгор, олон салаа хоолой, гүн жалгаар тусгаарлагдсан тул авто машин, мотоцикль, мориор явж нэвтрэх боломжгүй нөхцөл үүсээд байгааг БОУАӨЯ мэдээлэв.
Түүнчлэн шатсан талбайгаар зорчих үед тээврийн хэрэгслийн дугуй гэмтэж, хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд хүндрэл учирч байгаа юм. Монгол Улсын хилийн зурвас орчим дахь түймэрт өртсөн ойн талбайн шатсан хэмжээ, ойн гэмтлийн зэрэг, түймрийн хамрах хүрээ, зэрлэг амьтдын тархалт, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчинд үзүүлсэн нөлөө, хөрс, ургамлын нөмрөг шатсан байдал, доройтлын зэргийг бүрэн тодорхойлоход хүндрэлтэй байна. Иймд байгаль орчны хохирлыг бүрэн, бодитой тогтоохоор ажлын хэсэг, шинжээчдийн багийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлтийг Улсын онцгой комисс, Хил хамгаалах ерөнхий газарт гаргажээ. Энэ дагуу нисдэг тэрэг ашиглах боломжийг УОК, Хил хамгаалах ерөнхий газраас судалж байна.
Нисдэг тэрэг ашигласнаар газраар хүрэх боломжгүй бүсэд агаарын тандалт, гэрэл зургаар баримтжуулах, түймэрт өртсөн ойн талбайн хэмжээ, гэмтлийн зэрэглэлийг тогтоох, зэрлэг амьтдын амьдрах орчинд үзүүлсэн нөлөөллийг үнэлэх, хөрс, ургамлын доройтлыг судлах боломж бүрдэх юм. Ингэснээр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг илүү нарийвчлалтай тогтоож, нөхөн сэргээлтийг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Оюундэлгэр

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!