“Астана-2026” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг жинд хүч үзсэн “Загреб-2025” ДАШТ-ий мөнгө, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга хүрэл медаль хүртлээ.
Манай тамирчин хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн чансааны зургаад бичигдэж буй, Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Молдавын Василе Диаконыг цэвэр яллаа.

Ийнхүү Т.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь медалиа хүртэж, “Осло-2021” ДАШТ-ий 65 кг-д хүртсэн хүрэл медалиа 70 кг-д ихэрлүүлж чадлаа.
Манай тамирчин хэсгийн барилдаандаа Казахстаны Санжар Досжанов, залуучуудын дэлхийн аварга Ираны Сина Махди Халили нарыг ялж, хагас шигшээд шалгарсан ч ОХУ-ын бөх Ибрагим Шарапуттинович Ибрагимовт 3:2-оор ялагдсан билээ.
Т.Тулга ийнхүү ДАШТ-ээс гурван медаль хүртсэн Монгол Улсын гурав дахь тамирчин болж байна. Өмнө нь монгол бөхчүүдээс Хорлоогийн Баянмөнх, Зэвэгийн Ойдов нарын домогт тамирчид л ДАШТ-ээс гурван медалийг эх орондоо авчирч байсан билээ.
Гавьяат тамирчин Т.Тулгын хувьд Монголын чөлөөт бөхийн баг, тамирчдын дэлхийн аваргаас авчирсан 50 дахь хүрэл медалийн эзнээр тодроод байна.
"Астана-2026” ДАШТ-ий 70 кг-д:
1. Ибрагим Ибрагимов (ОХУ)
2. Эрназар Акматалиев (Киргызстан)
3. Төмөр-Очирын Тулга (Монгол)
3. Зайн Резерфорд (АНУ)


Эх сурвалж: З.Тэмлүүн | Zindaa.mn

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!