Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Азербайжаны нийслэл Баку хотод сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-19-нд болж, манай улсаас ахлах дасгалжуулагч Б.Ганболдын удирдлага дор оролцсон баг тамирчид 12 медальтай эх орондоо ирлээ.
Тэмцээний эхний өдөр залуучуудын ангиллын 75 кг жинд “Макс” групп, жүдо бөхийн “Арслан” клубийн тамирчин Г.Гэгээн алтан медаль хүртэж, төрийн дууллаа Бакуд эгшиглүүллээ. Энэ нь Монголын баг тамирчдын тус тэмцээний цор ганц түрүү болсон юм. Г.Гэгээний хувьд гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь бөгөөд олон улсын тавцанд анхны томоохон амжилтаа үзүүлсэн нь энэ.
Харин эрэгтэйчүүдийн 80 кг-ын жинд Г.Элбэгсайхан, +100 кг-д Ч.Санчиргарьд нар мөнгөн медаль хүртсэн бол П.Энхдөл, С.Мөнхтуяа, Н.Нандин-Эрдэнэ, Н.Буяндэлгэр нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Мөн залуучуудын ангиллын багийн төрөлд эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг мөнгөн медаль хүртсэн байна.
Насанд хүрэгчдийн -100 кг-ын жинд Б.Мягмар, 115 кг-д Б.Бадрал нар хүрэл медаль хүртэв. Түүнчлэн насанд хүрэгчдийн эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн бөгөөд тус багт Н.Ганзориг, Н.Жамц, Б.Бэхболд, Х.Буяннэмэх нар багтжээ. Монголын сумочдоос Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат, үндэсний бөхийн аймгийн арслан Б.Бадрал ДАШТ-ий долоо дахь медалиа гардсан байна. Түүний хувьд сонирхогчдын сумогийн ДАШТ-ээс 2016 онд хүрэл, 2018, 2019 онд алт, 2023 онд хүрэл, 2024, 2025 онд алтан медаль хүртэж байв. Мөн дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг “The World games” наадмаас сумо бөхийн төрөлд 2022 онд мөнгө, гурван жилд нэг удаа зохион байгуулдаг “World Сombat Games”-ээс 2023 онд мөнгөн медаль хүртсэн юм.










Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!