Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ-ын 30 орчим хувь нь түймэрт өртөөгүй. Түймрээс зугтсан амьтад энэ хэсэгт амьтадын төвлөрөөд байгаа. Иймд цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан зэрлэг амьтадад зориулсан биотехникийн арга хэмжээ авахыг БОУАӨЯ мэдээлэв.
Нөмрөгийн ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Д.Наранбаатар мэдээлэхдээ, “Түймрийн хохирлын үнэлгээг тогтоохоор 3 ажлын хэсэг 14 хоног ажиллалаа. Зэрлэг амьтад шатаагүй үлдсэн Бичигт уулын урд Нарийн гол, Хавирга уулын урд, баруун хэсэг орчимд байгаа. Энд амьтдын бөөгнөрөл, нягтаршил жирийн үеийнхээс илүү байгааг биологийн шинжээчид дүгнэсэн тул амьтадад биотехникийн арга хэмжээ авах шаардлагатай байна. Тухайн бүсийг машин, мориор самнахад одоогоор түймэрт өртөж хорогдсон амьтан тааралдаагүй” гэв. Тэрбээр тухайн бүсэд нутаглаж буй 4 айлын мал зэрэгцэн бэлчээрлэж, зарим үед хүн зэрлэг амьтдыг үргээх тохиолдол гардаг тул энэ жил айлуудыг холбогдох байгууллагатай хамтран нутгийн гүн рүү нүүлгэх санал тавьжээ.
ШУА, судалгааны хүрээлэнгүүд, энэ чиглэлийг эрдэмтэн судлаачидтай хэд хэдэн уулзсанаар ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа нөхөн сэргээх төлөвлөгөө гаргах нь чухал гэж үзэж байна. Түймрийн эрчим, өртсөн талбай, хөрсний шинжилгээ зэрэгт үндэслэн богино, дунд, урт хугацааны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гаргана.
Мэргэжлийн байгууллагын 2018, 2022 онд тус газар нутагт хийсэн судалгаагаар 3000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10 мянга гаруй бор гөрөөс байгааг тогтоосон. Хамгаалалтын захиргаанаас эдгээр амьтадад зориулан өнгөрсөн жилүүдэд 2-3 мянга боодол өвс бэлтгэж байв. Түймрийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ онд 25 -30 мянган боодол өвс бэлтгэн шаардлагатай байгаа ажээ.
Түймрийн дараах хохирлын үнэлгээг нарийвчлан тогтоох, цаг алдалгүй нөхөн сэргээлтийг шат дараатай хийх, түймэрт өртөөгүй хэсэгт бөөгнөрөл үүссэн зэрлэг амьтдыг өвлийг давахад нь туслах ажлыг зохион байгуулах шаардлагатайг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир онцлоод үүрэг чиглэл өглөө. Үүнд:
• Орчны бүсийн Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн бэлтгэсэн өвс, ард иргэдийн бэлтгэсэн хадлангийн нөөцийг тооцон, Нөмрөгийн заставыг түшиглэж боломжит байршлуудад өвс тэжээлийн цэг байгуулах, хамгийн ойр байршлаас цэгүүдэд өвс тэжээлийг татан төвлөрүүлэх, хуримтлуулах, нөөцлөх ажлыг зохион байгуулах,
• Дээрх ажилд шаардлагатай хүн хүч, машин техникийн тооцоо, судалгаа гаргах, өвс тэжээлийн нөөцийн тооцоо судалгааг ХХААХҮЯ, ХХЕГ, УОК, холбогдох газар хэлтсүүд гаргах,
• Зэрлэг амьтдыг үргээхгүй, бэлчээр, орон зайг чөлөөлөх хүрээнд орчны бүсэд нутаглаж буй айлыг боломжит байрлалд нүүлгэн шилжүүлэхийг аймаг орон нутаг зохион байгуулах,
• Орчны бүсийн аймаг, орон нутгийн иргэдийн нөөцөд худалдахаар бэлдсэн өвс, тэжээлийн нөөц, үнийн тооцоо судалгаа гаргахыг аймгийн орон нутгийн удирдлага, Байгаль орчны газруудад чиглэл болгов. Гаргасан тооцоо судалгаанд үндэслэн шаардлагатай төсөв санхүүжилтийг Засгийн газрын хуралд танилцуулан шийдэх юм.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!