ОХУ тийрэлтэт хөдөлгүүртэй дрон хөөргөх томоохон хэмжээний баазаа ердөө зургаан долоо хоногийн хугацаанд бараг барьж дуусгасныг хиймэл дагуулын зургаас тодорхой болгожээ.
Баруун өмнөд хэсгийн Ростов мужид байрлах уг талбай нь наймдугаар сарын 31-нд хов хоосон байсан бол энэ сарын 14-ний байдлаар ойролцоогоор 126 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний цогц байгууламж болсон байна. Одоогийн гүйцэтгэлийн хурдаар тус бааз бүрэн ашиглалтад ороход хэдхэн долоо хоног л шаардагдах бололтой.
ОХУ сүүүлийн үед Украинд чиглэсэн тийрэлтэт хөдөлгүүртэй довтолгооны дроны ашиглалтаа эрс нэмэгдүүлсэн. 600 км/цаг хурдлах чадвартай эдгээр зэвсгийг саатуулах нь Украинд амаргүй даваа болоод байгаа юм. Өвөл дөхөхийн хэрээр ОХУ тийрэлтэт дрон болон пуужингийн довтолгоогоо улам нэмэгдүүлнэ гэж Украин таамаглаж байна.
Өнгөрөгч зуны байдлаар ОХУ тийрэлтэт хөдөлгүүртэй дроны хэрэглээгээ ойролцоогоор зургаа дахин нэмэгдүүлсэн байна.
"DroneSec" тагнуулын компанийн мэдээлж буйгаар, Ростов мужийн баазаас Оросын хамгийн шинэ төрлийн тийрэлтэт хөдөлгүүртэй дрон болох "Geran-4" болон "Geran-5" загваруудыг хөөргөх боломжтой. Байгууламжийн баруун хэсэгт эдгээр дроныг хөөргөх зориулалттай төмөр зам бүхий хөөргөх тавцан найм байгаа аж. Тус байгууламжаас 24 цагийн дотор 100 буюу түүнээс олон тийрэлтэт дрон хөөргөх боломжтой гэж таамаглаж байна. Гэхдээ бодит байдал дээр хэдэн дрон хөөргөх нь нөөц, зорилго зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.
ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES /News.mn Наранжаргал Мандах/

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!