Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өнөөдөр иргэн Х.Нямбаатарын олон нийтэд хандаж хийсэн мэдээлэлтэй холбогдуулж тайлбар хийв.
Тэрбээр мэдээлэлдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Австрали Улсад амины орон сууцтай мэтээр ярьсан. Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Ерөнхийлөгч тус улс руу зорчоогүй 12 жил болж байна.
Мөн удаа дараа “Андууд товер” хэмээх барилгыг эзэмшдэг хэмээн ярьсан. Уг барилгыг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо буюу “Чингис хаан” Үндэсний музейн зүүн хойно концессын гэрээгээр барьж байгаа бөгөөд өмчлөгч нь нийслэл өөрөө юм. Өөрөөр хэлбэл, барилгыг төрийн өмчлөлийн газар дээр албан тасалгааны зориулалтаар барьж буй. Барилгыг иргэн Л.Зоригт, Л.Ганзориг, Л.Наранбаатар нарын ах дүүсийн эзэмшлийн “Асар өргөө” компани барьж байгаа юм билээ.
Үүний зэрэгцээ Гацууртад олон тооны зочид буудалтай хэмээн ярьж, бичлэг цацсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг “Илт хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг. Тус компанийн мэдэлд 10 гэр, 10 дүнзэн байшин бий. Тэрбээр сүүлийн 10 жилд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үүнийгээ мэдүүлж ирсэн. Тус компани Тэрэлжид үйл ажиллагаагаа явуулдаг.
Бага тэнгэрт 30-40 сая ам.доллараар үнэлэгдэх амины орон сууцтай гэсэн. 30-40 сая ам.долларыг төгрөгт шилжүүлбэл 120-140 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Үүнийгээ бичлэгээр үзүүлсэн ба эзэмшигч нь “Грийн ресурс” ХХК буюу иргэн С, Б нарын өмч болохыг тогтоосон. Бага тэнгэр орчимд 164 амины орон сууц, 280 орчим нийтийн орон сууц байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хөрөнгөнөөсөө амины орон сууц худалдаж авсан тохиолдол бий. Бага тэнгэр орчмоос амины орон сууц худалдан авахад 2022 онд 360 мянган ам.доллар, 2025 онд 200 орчим сая төгрөг шилжүүлсэн нь хөрөнгө орлогын мэдүүлэгт нь бий. Энэхүү мэдээллийг АТГ-ын нээлттэй мэдээллээс үзэх боломжтой.
“United мall” хувийн их дэлгүүртэй гэж гүтгэсэн. Энэ дэлгүүр нь Хан-Уул дүүрэгт байх ба энэхүү өмч хөрөнгөтэй ямар нэг холбоо хамааралгүй.
Тансаг зэрэглэлийн машины цуглуулгатай хэмээсэн нь мөн гутгэлэг. Тэрхүү цуглуулгыг нэр дээрээ хадгалдаг гэх иргэн н.Нямдаваа асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандахад мэдээллийг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлийн албаны ажилтан Г.Золбоо уг мэдээллийг түгээсэн болохыг тогтоосон. Гэсэн хэдий ч тухайн иргэн БНХАУ-д одоог хүртэл орогнож байна. Иргэн Г.Золбоо иргэн Х.Нямбаатарын захиалгаар татвар төлөгчдийн мөнгөөр уг мэдээллийг цацсан гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйгаад байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан, албан хаагчдыг G class автомашин унадаг хэмээн гүтгэсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд дотор уг загварын машин унадаг нэг ч хүн байхгүй. Тэдгээр хүмүүс энэхүү асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа юм билээ.
Сүүлийн өдрүүдэд иргэн Х.Нямбаатар Канад Улсад орогнох хүсэлт гаргаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тус улсаас авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон иргэнийг шууд баривчилж авч ирэхэд учир дутагдалтай. Энэ мэт авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон иргэд гүтгэлгийн шинжтэй мэдээллийг цацсаар байгаа нь Монгол Улсын эв нэгдэл, нэр хүнд, иргэн хүний төрдөө итгэх итгэлд ан цав үүсгэж байгаа хэрэг юм” хэмээн няцаалт өгөв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Туул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!