Монголын сагсанбөмбөг, спортын түүхэнд 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тодоор бичигдэн үлдэх болно. Эл өдөр Шаравжамцын Энхийн-Од (Mike Sharavjamts) дэлхийн хамгийн хүчирхэг спортын лигийн нэг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA-National Basketball Association) "Орландо мэжик" багтай "Exhibit 10" гэрээг үзэглэснээр НБА-ийн багтай албан ёсны гэрээ байгуулсан Монголын анхны сагсан бөмбөгч боллоо.
"Exhibit 10" (10 өдрийн гэрээ ч гэж нэрлэх нь бий) гэрээ нь НБА-ийн багууд тоглогчтой байгуулдаг олон гэрээний (super max, standard, rookie, 10 day гэх мэт) нэг төрөл нь. Гол зорилго нь тухайн баг гэрээ байгуулж буй тоглогчоо бэлтгэлийн бааздаа урих, өөр багт алдахгүй байх, "G league"-ийнхээ багт тоглуулах, ур чадвар, бэлтгэл нь хэрхэн өөрчлөгдөхийг бүрэн хяналтад байлгах юм. Хэдийгээр "10 өдрийн" гэрээ нэртэй ч үргэлжлэх хугацаа нь нэг жил.

Багууд ихэнхдээ улирал эхлэхээс өмнө гэрээ байгуулсан тоглогчоо үндсэн багаасаа чөлөөлж "G League"-ийн багтаа тоглуулахыг зорилгоо болгодог. Хэрэв тоглогч "G League"-ийн багт тоглохыг зөвшөөрвөл доор хаяж 60 хоног багийн мэдэлд үлдэх бөгөөд 91,000 ам.долларын урамшуулал хүртэх боломжтой. Мөн үндсэн багийн бүрэлдэхүүнд багтах, эсвэл "Two-Way" гэрээ болгон өөрчлөх, эсвэл бүүр багийг орхиж ч болно.
Манай Энхийн-Одын хувьд "Орландо мэжик" гэрээг байгуулмагцаа багаас чөлөөлсөн. Одоо "G League" -ийн "Оцеола мэжик" багт тоглох сонголт байгаа. Өөрийн зорилго, хүслээс бүх зүйл шалтгаална. Ямартай ч Монголын олон мянган хүүхэд залууст, сагсанбөмбөгт шинэ шинэ замыг нээсээр ирсэн Энхийн-Од маань дахин нэг тод замыг гаргалаа.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!