Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих анги Бүгд Найрамдах Турк Улсын Олон улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-тай хамтран хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх зорилгоор төмөр хийцийн цех байгуулжээ.
Энэхүү төслийн хүрээнд ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Али Курт, дэд координатор Өзгүр Юусуф Ыйлдырым, Монгол Улсыг хариуцсан мэргэжилтэн Халил Ибрахим Башаран нар гагнуур, төмөр боловсруулах чиглэлийн 28 төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна.
Төмөр хийцийн цехийг шинээр байгуулснаар хүмүүжигчдэд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн дадлага явуулах орчин, нөхцөл бүрдэж, хөдөлмөрийн дадал, мэргэжлийн ур чадвар эзэмших боломж нэмэгдэж, хөдөлмөрөөр дамжуулан нийгэмшүүлэх, нийгэмд бие даан амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт болсныг талууд онцоллоо.






Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!