БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотноо 100 буудалт даамын ДАШТ-ий залуучуудын ангилалд Их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын шавь Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа алтан медаль хүртэв.
Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Хятад улсад зохион байгуулж байгаа бөгөөд Дэлхийн даамны холбоо /FMJD/-ны гишүүн 15 орны 348 тамирчин таван насны ангилалд өрсөлдөж байна. Сүүлийн дөрвөн жил дараалан дэлхийд багаараа аваргалсан Монголын баг энэ удаагийн ДАШТ-д 76 тамирчны бүрэлдэхүүнтэй өмнөд хөршид очоод байна.
Есөн өрөг өрсөлдөх тус тэмцээнд манай тамирчин ДДХМ Э.Дариймаа нэг тойргийн өмнө аваргын болзол хангажээ. Тэрбээр найман өргөөс зургаа хожиж, хоёр тэнцсэнээр 14 оноотой түрүүлж байгаа юм. Түүний хувьд Монголын даамчдаас өсвөр болон залуучуудын ангилалд дэлхийн аварга цолонд хүрсэн анхны тамирчин болов. Дэлхийн даамын холбооны журмын дагуу Э.Даариймаа дээрх амжилтаараа Олон улсын мастер цолны болзлыг хангаж байна.
Мөн өсвөрийн ДАШТ-ий хамгийн бага нас буюу U8 насны охидын ангилалд “Элит” клубийн тамирчин спортын дэд мастер О.Гэгээ хүрэл медалийн болзол хангалаа. Стандарт төрлийн тэмцээний сүүлийн өдрийн тоглолт маргааш болох бөгөөд медальтнууд бүрэн тодорно.
Эх сурвалж: Монголын даамын холбоо

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!