ПАРИС, 2026 оны аравдугаар сарын 29 /ТАСС/. “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийг тодруулах санал асуулгад Португалын довтлогч Криштиану Роналду ялсан тухай France Football сэтгүүлийн хэвлэлийн алба мэдээллээ.
Түүхэн дэх шилдэг “Алтан бөмбөг”-ийг шалгаруулахын тулд төлбөртэй санал асуулгыг тус сэтгүүлээс зохион байгуулахад 2008 онд Роналдугийн хүртэж байсан шагнал хамгийн олон санал авсан байна. Тухайн үед тэрбээр "Манчестер Юнайтед" багт тоглож байхдаа Английн АШТ, Аваргуудын лигт түрүүлснээр анх удаа “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодорч байв. Үүнээс хойш дөрвөн удаа уг шагналыг хүртжээ.
Хөгжөөн дэмжигчид өгсөн санал бүрдээ нэг евро төлсөн бөгөөд 2008 оны “Алтан бөмбөг”-т 75 хувийн санал өгчээ. Удаад нь 2012 ба 2017 онуудад Л.Месси, К.Роналду нарын хүртсэн шагналууд орсон байна.
“Алтан бөмбөг” гардуулах ёслол энэ сарын 26-нд Лондон хотноо болж, 2025/26 оны улирлын шилдэг хөлбөмбөгчнөөр Английн шигшээ ба Германы “Бавариа” багийн довтлогч Харри Кейн шалгарсан билээ.
Өдгөө 41 настай Роналду Аваргуудын лигийн тэмцээнд 5 удаа, Үндэстнүүдийн лигийн тэмцээнд 2 удаа түрүүлснээс гадна Европын аваргаар шалгарчээ. Мөн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд болон Европын АШТ, Аваргуудын лиг, клубүүдийн ДАШТ-д оруулсан гоолын тоогоор дээд амжилт тогтоосон билээ. Португалын "Спортинг", Английн "Манчестер Юнайтед", Италийн "Ювентус", Испанийн "Реал" багуудад тоглож байсан тэрбээр 2022 оны 12 дугаар сард Саудын Арабын “Аль-Наср” багт шилжин очсон юм.
“Алтан бөмбөг” шагналыг 1956 оноос хойш олгож байна. 1994 он хүртэл уг шагналыг Европын клубт тоглодог Европын орны хөлбөмбөгчин хүртэж байсан бол 1995 оноос эхлэн Европын багуудад тоглодог ямар ч улсын тоглогч авах болжээ. Тухайн үед уг шагналыг Либериа улсын шигшээ багийн довтлогч Жорж Веа хүртэж байлаа. Харин 2007 оноос хойш дэлхийн аль ч клубийн тоглогч “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!