Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэх, нийслэлийн төвөөр дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг тойруулах, авто замын түгжрэлийг багасгах стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг ашиглалтад орууллаа.
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн III зэрэглэлийн төмөр зам 127 км урт, дэлгэмэл урт нь 177 км, 3 зөрлөг, 4 өртөөтэй. Найман байршилд 1,279 урт метр гүүрэн байгууламжтай юм. Үүнээс Туул гол дээгүүр 20 тулгуур, 38 дам нуруутай, 476 метр гүүр барьсан нь манай улсын хамгийн урт гүүр болжээ. Мөн 22 метр өндөр, 176 метр урт гүүр барьсан нь хамгийн өндөрт тооцогдож байгаа юм. Гүүрнээс гадна ус өнгөрүүлэх, иргэд, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолой барьжээ.

Төмөр замын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, өргөн цар хүрээтэй инженерийн байгууламж, төмөр замын дээд, доод бүтцийг өөрсдийн хүчээр, үндэсний аж ахуйн нэгжүүд хамтран жил гаруйн хугацаанд барьсныг онцлоод, энэ төмөр зам Улаанбаатар хот өргөжин тэлэх, дагуул хот, суурьшлын шинэ бүс бий болох, хурдтай өсөн нэмэгдэж буй экспорт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, тээврийн хэрэгцээг хангах, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэх зэрэг ач холбогдолтойг тэмдэглэлээ. Цаашид хэвийн, найдвартай ажиллуулах, үр өгөөжийг дээшлүүлэх, тээврийн хүчин чадлыг нэмэх, тарифын уян хатан бодлого тогтоох, логистикийн зардлыг багасгах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарахыг холбогдох байгууллагад чиглэл болгов.

Төмөр зам эхний жилд 20 сая, цаашид 25 сая тн ачааг Улаанбаатар хотыг тойруулан тээвэрлэх бөгөөд энэ нь хоногт дунджаар 1,800 орчим том оврын авто машин хотын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг юм. Энэ хэрээр хотын дундуур дамжин өнгөрдөг ачаа тээврийн урсгал, төмөр зам, авто зам огтлолцдог гол цэгийн ачаалал, түгжрэл багасна. Тухайлбал, төмөр замын гармуудыг хаахад замын хөдөлгөөн хоногт дунджаар 144 минут саатдаг байсан бол 21-120 минутаар богиносох ажээ.
Мөн 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх, аюултай ачааг өнөөдрөөс эхлэн нийслэлийн төвөөр дамжуулан тээвэрлэхгүй боллоо. Төмөр замын 87.8 дугаар км-т олон төрлийн ачаа тээврийн, 102 дугаар км-т аюултай ачааны нэгдсэн терминал байгуулахаар төлөвлөсөн байна. Цаашид нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ачаа тээврийн 13 терминалыг үе шаттай нүүлгэн, газрыг нь нийтийн зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ. Энэ төмөр зам Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэсэн тээвэр логистик, худалдаа, үйлдвэрлэл, чөлөөт бүс, дагуул хот хөгжихөд чухал нөлөө үзүүлнэ.

Төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 160 гаруй аж ахуйн нэгж, 4,000 гаруй инженер, техникийн ажилтан, түүний дотор орон нутгийн 1,000 гаруй хүн оролцож, 1,500 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж ашиглажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Оюундэлгэр

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!