Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Японы Айчи мужийн Нагояа хотод үргэлжилж буй Азийн зуны спортын V пара наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн -70 кг жинд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа алтан медаль хүртлээ.
Тэрбээр шөвгийн наймд Узбекистаны тамирчныг, хагас шигшээд Хятадын бөхийг ялсан бол алтан медалийн төлөөх барилдаанд Японы жүдоч Нишимүра Ацүмиг иппоноор буулган авав. Ингэснээр “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн хоёр дахь алт, дөрөв дэх медалийг авчирлаа.
Л.Туруунаагийн хувьд Азийн наадмаас гурав дахь медалиа авч байгаа нь энэ. 2014 онд Инчеоны Азийн пара наадам, 2023 онд Ханжоугийн наадмаас тус бүр хүрэл медаль авч байсан бол энэ удаа алтан медаль хүртэж байна. Ингэснээр Азийн пара наадмаас гурван медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо. Түүнчлэн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн юм.
Мөн 2022 онд Азербайжаны Баку хотод болсон пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2025 онд Казахстаны Астанад болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаараа пара жүдо бөхийн ДАШТ-ий хос медальтан болсон Монголын анхны тамирчин болж байв.
Тэгвэл J1 ангиллын эрэгтэйчүүдийн -95 кг-д Ханжоугийн Азийн пара наадмын аварга Д.Ганбат хүрэл медалийн төлөөх барилдаанд Индонезийн бөхөд ялагдсанаар тавдугаар байрт шалгарлаа. Харин J2 ангиллын эрэгтэйчүүдийн 81 кг-д Э.Даваадагва хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны тамирчинд ялагдсанаар V байр эзлэв.


Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!