
Улаанбаатар, 2026 оны 10 дугаар сарын 19 /МОНЦАМЭ/. АНУ дахь Монгол эрдэмтэн, судлаачдын дөрөвдүгээр эрдэм шинжилгээний хурал “Мэдлэг түгээж-Ирээдүйг бүтээе” уриан дор Калифорни мужийн Сакраменто хотноо 10 дугаар сарын 17-ны өдөр эхэллээ.
Хуралд АНУ-ын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй монгол эрдэмтэн, судлаачид оролцож, шинжлэх ухааны шинэ ололт, судалгааны үр дүн, туршлагаа хуваалцаж байна.
Хурлын нээлтэд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Ж.Соёлмаа оролцож, гадаад улсад ажиллаж буй монгол эрдэмтдийн мэдлэг, ур чадвар, олон улсын туршлагыг эх орныхоо хөгжилд ашиглах, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
Энэ удаагийн хурлаар хиймэл оюун ухаан, анагаах ухаан, биотехнологи, генетик, эдийн засаг, эрчим хүч, байгаль орчин зэрэг чиглэлээр судалгааны илтгэлүүд хэлэлцүүлж байна. Тухайлбал, хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинэ эмийн нэгдэл илрүүлэх, хорт хавдар, Альцгеймерийн өвчний судалгаа, зүрх судасны өвчний эрсдэлийг тодорхойлох дэвшилтэт технологи зэрэг сэдвийг хөндөж байна. Мөн байгаль орчныг хамгаалах, гүний усны бохирдлыг бууруулах, эрчим хүч, эдийн засгийн хөгжлийн асуудлаар санал солилцоно.
Хурлыг зохион байгуулагч АНУ дахь Монгол эрдэмтэн, судлаачдын нийгэмлэг нь 2023 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 75 орчим эрдэмтэн, судлаачдыг эгнээндээ нэгтгээд байна. АНУ-ын хэмжээнд нийт 200–300 орчим монгол эрдэмтэн, судлаач ажиллаж буй гэсэн тооцоо бий. Тус нийгэмлэг нь эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг дэмжих, мэдлэг, туршлага солилцох боломжийг өргөжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурал, цахим уулзалт, залуу судлаачдад зориулсан мэргэжлийн зөвлөн чиглүүлэх хөтөлбөр зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү хурал нь АНУ дахь монгол эрдэмтдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын түвшний судалгааны үр дүн, шинэ санааг Монгол Улсын хөгжилд ашиглах боломжийг өргөжүүлэхэд чиглэж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ш.Батболд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!