АСТАНА, 2026 оны аравнэгдүгээр сарын 2 /Kazinform/. Далай ван гаргийн цаана Нарыг тойрон эргэдэг одой гариг байж магадгүй шинэ биетийг Вера Рубины нэрэмжит одон орны ажиглалтын төвийн судлаачид илрүүлсэн нь Нарны аймгийн хамгийн захын бүсийн судалгаанд чухал нээлт болох төлөвтэй байгаа тухай “Space.com" цахим хуудсанд мэдээлжээ.
“2026 ED138” хэмээн нэрлэсэн уг мөсөн биетийн диаметрийг эрдэмтэд 600-1500 км гэж тооцоолжээ. Судлаачдын үзэж байгаагаар, уг биет өөрийн таталцлын хүчний нөлөөгөөр бөмбөрцөг хэлбэртэй болсон байх магадлалтай бөгөөд энэ нь одой гараг гэж ангилах үндсэн шалгууруудын нэг ажээ.
Хэрэв одой гараг болох нь батлагдвал “2026 ED138” нь Олон улсын одон орон судлалын холбооноос албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Церера, Дэлхий ван, Хаумеа, Макемаке, Эрида гэсэн Нарны аймгийн таван одой гаргийн эгнээнд нэгдэнэ.
Уг биетийг Харвард-Смитсонианы одон орны физикийн төвийн /CfA/ судлаач Мэтью Холман илрүүлжээ. Тэрбээр аравдугаар сарын 13-нд тус төвийн судлаач Кевин Нейпиртэй хамтран боловсруулсан хайлтын программ ашиглан Вера Рубины нэрэмжит одон орны ажиглалтын төвийн өмнө нь цуглуулсан өгөгдөлд дүн шинжилгээ хийх үеэрээ энэхүүг биетийг олж илрүүлсэн байна.
Хайлтын явцад Далай вангийн тойрог замын цаана Нарнаас асар хол зайтай хэдий ч ер бусын тод харагдсан биет илэрсэн байна. Ийм тод ажиглагдсан тул уг биет Далай вангийн цаадна орших бусад биетийн дундаж хэмжээнээс том байж магадгүй гэж таамаглаж байгаа ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Л.Буянаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!