
Ерөнхийлөгч Оюутолгойн ногдол ашгийг орж ирэх бүрд нь иргэдэд бэлнээр олгох асуудлыг зохицуулж ажиллах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Тэгвэл ингэснээр эдийн засагт ямар өөрчлөлт гарах талаар Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй ярилцлаа.
Ногдол ашгийг бэлнээр тарааснаас талхны үнэ 10 мянганд хүрнэ гэж яриад байна. Үнэхээр тийм эрсдэл байгаа юу?
-Засгийн газар, УИХ хоёр хоорондоо зөрчилтэй байгаа үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдэд ногдол ашгийг бэлнээр олгох ажлыг гүйцэтгэх чиглэл өглөө. Ингэснээр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах нөхцөл бүрдэж байна. Миний хувьд УИХ-ын гишүүд ногдол ашгийг тойрогтоо зарцуулах мэтийн элдэв зүйл ярьж үймүүлэлгүй иргэддээ өгөөсэй гэж хүсч байгаа.
Эдийн засагч нар иргэдэд бэлэн мөнгө тарааснаар инфляц буюу үнийн өсөлт нэмэгдэж гэж буруу ярьдаг. Тийм биш.
Мөнгөний эргэлт бол цусны эргэлттэй адил зүйл. Одоогоор мөнгөгүй болсон иргэд цусгүй хүн шиг л болчхоод байна гэсэн үг. Ногдол ашгийг бэлнээр олгосноор мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж, амь залгах ач холбогдолтой шийдвэр юм. Иргэд ногдол ашгаа гурван төрлөөр л зарцуулна. Өр зээлээ төлнө, хоол хүнсээ авна. Арай боломжтой хүмүүс нь хадгаламжид хийнэ.
Тэгэхээр ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд үнийн өсөлт нэмэгдэхгүй гэсэн үг үү?
-Инфляц буюу үнийн өсөлтийн гол шалтгаан нь зээлийн хүү. Эдийн засагчид орлого нь амьдралдаа хүрэлцэхгүй байгаа хүмүүст бэлэн мөнгө тараамагц дэлгүүрээс талх худалдаж авахаар инфляц өсдөг гэж ярьдаг. Энэ бол тархи угаалт.
Ард түмэнд мөнгө өглөө гээд инфляц өсөхгүй. Харин ард түмэнд очсон мөнгө мөнгөхүүлэгчдийн гараар дамжаад хүүтэй зээл болсноор инфляц өсдөг. Энийг би сая дахин баталъя.
Ирэх оны төсөв 10 их наядаар тэлсэн. Тэгэхээр одоо 13 хувьтай байгаа инфляц нэг оронтой тоо руу орох боломжтой юу?
-Байхгүй. Инфляцын гол шалтгаан нь зээлийн хүү. Зээлийн хүү жилээс жил нэмэгдэж байгаа цагт инфляц буурах боломжгүй.
Долларын ханш чангараад монгол төгрөгийн ханш унасан учраас инфляц өссөн юм шиг харагдаад байна. Засгийн газар болон олигарх компаниуд долларын зээл авч, гадны компаниуд хөрөнгө оруулалт нэрээр гадны компаниуд манайд мөнгөө уяснаар инфляцыг өдөөдөг.
Инфляцыг зогсооё гэвэл эхний ээлжинд банк бус байгууллага, ломбард, аппликейшний зээлийг байхгүй болгоод зээл өгөх үйлчилгээг зөвхөн банк руу шилжүүлэх хэрэгтэй. Монголбанк үнэт цаас нэртэй өрийн бичиг гаргаад, арилжааны банкнуудаас зээл авч байна. Ингэснээр банкнуудын эх үүсвэрийг дутагдалд оруулж, зээлийн хүү нэмэгдэж байгаа юм.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: MASS.mn /М.Нансалмаа/
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!