Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Японы Айчи мужийн Нагояа хотод Азийн зуны спортын паралимпын V наадам энэ сарын 18-нд хөшгөө нээнэ.
Долоо хоног үргэлжлэх тус наадамд спортын 18 төрөлд 45 орны 4000 тамирчин оролцохоо мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас спортын 10 төрөлд 44 тамирчин өрсөлдөх юм. Баг тамирчдыг үдэн гаргах ёслолыг өнөөдөр зохион байгуулж ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийчлөгч Ч.Чимэд-Отгон, “Айчи-Нагоя-2026” Азийн пара V наадмын багийн ахлагч МҮПХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Одонбаяр, дасгалжуулагч, тамирчид оролцсон байна. Энэхүү наадамд оролцох Монголын багийн тугчаар паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, хөдөлмөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээг томилсон бөгөөд тэрбээр нээлтэд мандуулах төрийн далбаагаа гардан авчээ.
Энэхүү наадмыг манай улсаас спортын сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчдаас бүрдсэн 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээрээс нь сурвалжлахаар мандатаа гардсан байна.
Монголын пара тамирчид 2010 оны Гуанжогийн Азийн зуны спортын анхдугаар наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол сүүлд “Ханжоу-2022” Азийн пара наадмаас хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь хамгийн өндөр амжилт юм. Тус наадамд Монгол Улсын баг тамирчид дөрвөн удаа оролцоход нийт 29 медаль хүртжээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!