ГУЙЯН, 2026 оны аравдугаар сарын 6 /Xinhua/. Францын агуй судлаач Жан Боттаццигийн хувьд агуй хэзээ ч урмыг нь хугалдаггүй. Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужид орших Шуанхэ агуйн газар доорх асар том сүлжээнд судалгааны ажил бүрэн дуусаагүй байсан ч санаанд оромгүй шинэ нээлт хийх боломжтой байдаг нь судлаачдын өмнө цоо шинэ ертөнцийг нээдэг байна.
Ж.Боттацци Шуанхэ агуйг судлахад 20 гаруй жилийг зориулж, олон улсын судалгааны 25 жилийн үйл явцын гэрч болжээ. Суйян хошуунд орших тус агуйн тогтолцоо нь уртаараа дэлхийд гуравдугаарт, Азид нэгдүгээрт ордог.
Хятад, Францын хамтарсан анхны судалгааг 2001 онд эхлүүлснээс хойш зураглан бүртгэсэн агуйн нийт урт хэдэн арван км-ээс 480 гаруй километрт хүрчээ.
Олон улсын агуй судлаачдын 25 дахь экспедицийн үеэр хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг өнгөрсөн сард Суйян хошуунд танилцуулсан байна. Судлаачид агуйн зураглалд нэмж 41.8 км урт хонгил бүртгэжээ. Ингэснээр Шуанхэ агуйн тогтолцооны нийт урт 481.5 км, босоо гүн нь 912 метрт хүрч, хоорондоо холбогдсон 124 амсартай болсон байна.
Боттацци болон түүнтэй хамтран ажилладаг эрдэмтэн, судлаачдын хувьд Шуанхэ агуйн ач холбогдлыг зөвхөн уртаар нь хэмжих боломжгүй юм. Тус агуй нь мөн амьтдын төрөл зүйлийн хувьсал, уур амьсгалын өөрчлөлт болон Хятадын баруун өмнөд нутгийн геологийн түүхийн талаарх чухал мэдээллийг хадгалсан асар том байгалийн архив ажээ.
Олон улсын агуй судлаачдын энэ жилийн 25 дахь экспедицийн үеэр есөн хулсны баавгайн үлдэгдлийг мөн шинээр илрүүлжээ. Олдворуудын ихэнхийг саяхан судалсан агуйн хэсгүүдээс олсон байна. Ингэснээр Шуанхэ агуйгаас илрүүлсэн аварга хулсны баавгайн чулуужсан үлдэгдлийн тоо 61 болжээ. Үүнээс гадна, аварга тапир, ирвэс зэрэг эртний амьтдын чулуужсан үлдэгдлийг тус агуйгаас анх удаа илрүүлсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Л.Буянаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!