Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Марокко улсын Агадир хотод болсон Rallye OLA Energy du Maroc 2026 уралдаан өндөрлөж, Монголын мото спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (W2RC) Rally3 ангиллын дэлхийн цомын аварга боллоо.
Ингэснээр тэрбээр Монгол Улсаас тус тэмцээнд дэлхийн аварга болсон анхны тамирчин болж байна. Ралли-рейд нь цөл, элсэн манхан, чулуурхаг болон бартаат замд олон өдрийн турш үргэлжилдэг мото спортын төрөл юм. Тамирчид хурд, тэсвэр хатуужил, навигацын ур чадвараа сорьж, газрын зураг болон навигацын төхөөрөмж ашиглан замаа тодорхойлж, хяналтын цэгүүдэд хүрдэг онцлогтой. Түүний хувьд Монголын раллигийн долоон удаагийн аварга тамирчин юм.
Тэрбээр “Энэ бол зөвхөн миний хувийн амжилт биш. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, Монголын мото спортын түүхэнд шинэ хуудас нээсэн амжилт гэж бодож байна. Энэ амжилт энд хүрээд дуусах биш харин дараагийн монгол тамирчдад хүрэх гүүр болох юм. Цаашдаа Монголын олон залуус Rally3, Rally2, GP зэрэг дэлхийн дээд түвшний ангилалд өрсөлдөн медаль, цом хүртэх замыг нь нээж өгөхийг хүсэж байна. Өнөөдөр би анхны алхмыг хийлээ. Маргааш Монголын олон тамирчин дэлхийн тавцанд зогсоно гэдэгт итгэж байна. Монголын нэрийг дэлхийд дуурсгахын төлөө хамтдаа урагшаа. Тусалж дэмжсэн бүх албан байгуулага, хувь хүмүүс, гэр бүлдээ, найзууддаа маш их баярлалаа” хэмээн цахим хуудастаа сэтгэгдлээ бичжээ.
Тэрбээр 2026 оны “Дакар Ралли”-д амжилттай уралдсаны дараа “Ралли Рэйд” ДАШТ-ий гурван гараанд өрсөлдсөн юм. Ингэхдээ BP Rally Portugal-ын уралдаанд хүрэл, Desafío Ruta 40 хоёрдугаар гараанд түрүүлсэн бол Rally du Maroc-т мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр гурван гараанд нийт 61 оноо цуглуулан 2026 оны “Ралли Рэйд” ДАШТ-ий Rally3 ангилалд дэлхийн аварга болж байна.






Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!