НАГОЯ, 2026 оны аравдугаар сарын 5 /Kyodo/. "Айчи-Нагоя 2026" Азийн наадам ням гарагт өндөрлөлөө. Энэ удаагийн наадмаас Японы баг тамирчид түүхэндээ хамгийн олон буюу 83 алтан медаль хүртсэн бол Хятадын тамирчид хоёр дахин олон алтан медаль хүртэж, медалийн хүснэгтийг тэргүүлжээ.
Тамирчид олимпын хөтөлбөрт багтдаг спортын төрлүүд болон сепактакрау, кабадди зэрэг Азийн уламжлалт төрлүүдийг оруулаад нийт 43 төрлөөр өрсөлджээ. Наадамд 45 улс, бүс нутгийн 15 мянга гаруй тамирчин, албаны хүн оролцсон байна.
Азийн Олимпын зөвлөлөөс 100, 200 метрийн эрэгтэйчүүдийн гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэн Тайландын 20 настай тамирчин Пурипол Бунсон, гурван төрөлд түрүүлсэн Хятадын 13 настай усанд сэлэгч Юй Зиди нарыг шилдэг тамирчнаар шалгаруулжээ.
Тус зөвлөлөөс мэдээлснээр, 16 хоног үргэлжилсэн Ази тивийн спортын наадмын үеэр дэлхийн 54 дээд амжилт шинэчлэгдсэн байна.

Нагоя хотын "Мизухо" цэнгэлдэх хүрээлэнд болсон хаалтын ёслолын үеэр тамирчид нэрт жүжигчин, дуучин Кэн Мацүдайрагийн дуулсан “Matsuken Samba” дууны аянд бүжиглэлээ. Ёслолыг Японы угсаа залгамжлах ханхүү Фүмихито, гүнж Кико нар үзэж сонирхсон байна.
Азийн Олимпын зөвлөлийн ерөнхийлөгч Шейх Жоан бин Хамад Аль Тани хаалтын ёслоны үеэр үг хэлэхдээ “Тамирчид та бүхэн манай тивийн сая сая залууст спортын өрсөлдөөнөөр дамжуулан баяр хөөр, нөхөрлөлийг хуваалцах, амжилтад хүрэх урам зоригийг өглөө” хэмээн мэдэгджээ.
Энэ удаагийн наадамд Япон улс түүхэндээ хамгийн олон буюу 932 тамирчнаас бүрдсэн баг оролцуулж, 83 алт, нийт 269 медаль хүртсэн нь үндэсний дээд амжилт болжээ. Тус улсын баг тамирчдын хүртсэн алтан медалийн тоо 1966 онд Бангкокт болсон Азийн наадмаар тогтоосон өмнөх дээд амжилт болох 78-ыг давсан байна.
Хятад улс 169 алт, нийт 341 медаль хүртэж, медалийн хүснэгтийг тэргүүлсэн байна. Гэхдээ энэ нь 2023 онд эх орондоо зохион байгуулсан өмнөх наадмаас хүртсэн 201 алт, нийт 383 медалиас буурсан үзүүлэлт юм. БНСУ 39 алт, нийт 150 медальтайгаар гуравдугаарт бичигджээ.

Алтан медаль хүртсэн Японы тамирчдын нэг болох Шин Охаши эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд 2 минут 4.83 секундийн амжилтаар дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Өдгөө 17 настай тэрбээр хаалтын ёслолд Японы багийн тугчаар оролцжээ.
Өмнөх Ханжөүгийн наадмаас анх албан ёсоор хөтөлбөрт багтсан цахим спорт энэ удаа мөн олны анхаарлыг татсан байна. Юки Курихара 11 настайдаа эвлүүлдэг тааварт тоглоомын төрөлд алтан медаль хүртэж, Азийн наадмын түүхэн дэх хамгийн залуу аварга болжээ.
БНАСАУ Японтой дипломат харилцаа тогтоогоогүй хэдий ч Биеийн тамир, спортын сайд Ким Ил Гүг тэргүүтэй баг тамирчдаа илгээж оролцсон байна. Умард Солонгосын тамирчид 7 алт, нийт 29 медаль хүртжээ.
Ойрх Дорнодод хурцадмал байдал үргэлжилж байгаа энэ үед Иран, Палестины тамирчид мөн наадамд оролцсон байна.
Нагоя болон Айчи мужийн бусад хотод зохион байгуулсан энэхүү наадмын дараа аравдугаар сарын 18-наас Пара Азийн наадам эхлэх бөгөөд тус наадам долоо хоногийн турш үргэлжилнэ.
1951 онд Шинэ Дели хотноо анх зохион байгуулсан Азийн наадам дараагийн удаад 2030 онд Катарын Доха хотноо болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Л.Буянаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!