
"Милан Кортина 2026" Өвлийн олимпын XXV наадам эхлээд ердөө зургаа хоног өнгөрч буй ч энэ олимпын гол баатрын нэг хэдийнээ тодроод байна.
Өнөөдөр (2.11) болсон уулын цанын эрэгтэйчүүдийн "Super G" төрөлд Швейцарын Франьо фон Алльмен 1:25.32 амжилтаар түрүүлж, алтан медаль хүртсэн. Энэ нь фон Алльмений "Милан Кортина 2026" олимпоос хүртэж буй гурав дахь алтан медаль юм.

24 настай швейцар залуу Италид болж буй олимпын хамгийн анхны аваргаар хоёрдугаар сарын долоонд уулын уруу хурдтай буух (downhill) төрөлд түрүүлж тодорч байсан бол хоёр хоногийн дараа (2.09) Танги Нефийн хамтаар багийн төрөлд (хурдтай буух + туг сүлжих) олимпын аварга болсон билээ.
Франьо хурдтай буултад 4 дүгээр байр эзэлсэн ч Танги туг сүлжилтэд түрүүлж, улмаар нийлбэр дүнгээр Швейцарын баг алтан медаль хүртсэн юм.
Франьо фон Алльмен 16 настайдаа анх уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн ч жилийн дараа аав нь нас барж, гэр бүл нь санхүүгийн хүндрэлд орсон тул цанын спортоо түр орхихоос өөр аргагүй болжээ.

Франьо мужааны мэргэжлийг дөрвөн жилийн турш суралцан эзэмшиж, зундаа барилгын ажил хийдэг байв. Краудфандинг буюу интернэтээр олон хүнээс бага мөнгөний хандив, дэмжлэг цуглуулсны ачаар Франьо фон Алльмен бэлтгэл сургуулилтаа дахин хийж, удалгүй Швейцарын олимпын багийн гишүүн болжээ.
2023 онд л анх удаагаа Дэлхийн цомын гараагаа эхэлсэн хэдий ч хоёр жилийн дараа, 2025 онд ДАШТ-ээс хоёр алтан медаль хүртэв.
Харин өнөөдөр мужаан мэргэжилтэй швейцар залуу маань Олимпын гурван алтан медальтай, Олимпын түүхэнд нэр нь тодоор бичигдэх баатруудын нэг боллоо.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!