КУПЕРТИНО, 2026 оны есдүгээр сарын 10 /Reuters/. "Apple" компани "iPhone” ухаалаг гар утасныхаа 1 999 ам.долларын үнэтэй, эвхэгддэг дэлгэцтэй “Duo" загварыг танилцууллаа. Энэхүү шинэ загвар нь дизайн болон хэрэглэгчийн нууцлалыг хамгаалах давуу талаараа эвхэгддэг гар утсыг олон жилийн өмнөөс хэдийнээ худалдаалж буй өрсөлдөгчдөөсөө түрүүлэх боломж олгоно гэж тус компани найдаж байна.
“Duo” загвар нь эвхэгддэг ухаалаг утасны зах зээлд томоохон өөрчлөлт авчирч магадгүй байна. Энэ зах зээлд олон жилийн турш Өмнөд Солонгосын "Samsung", "Huawei" зэрэг Хятадын компаниуд давамгайлж ирсэн хэдий ч эдгээр компанийн төхөөрөмжүүд цөөн тооны хэрэглэгчтэй зах зээлийн хүрээнээс гарч чадаагүй байгаа юм. "Apple" компани эвхэгддэг ухаалаг утасны зах зээлд гарснаар ийм загварын гар утасны хэрэглээг өргөн хүрээнд дэлгэрүүлэхэд түлхэц болно гэж шинжээчид олон жилийн турш үзэж ирсэн. Тус компани ухаалаг цаг болон утасгүй чихэвчийг өргөн хэрэглээнд нэвтрүүлсэнтэй адил эвхэгддэг утсыг ч нийтлэг хэрэглээ болгоход нөлөөлж магадгүй гэж тэд үзэж байна.

“Duo” загвар нь паспорт шиг хэмжээ, хэлбэртэй бөгөөд дугуй ирмэгтэй. Уг утсыг дэлгэхэд 7.6 инч буюу 19 см диагональ бүхий дэлгэцтэй болох ба дэлгэцийг мөн босоо байрлалаар ашиглах боломжтой. Утсыг эвхсэн үеийн гадаад дэлгэц нь 5.4 инч бөгөөд харин дэлгэсэн үедээ "iPhone”-ы хамгийн нимгэн загвар болно гэж тус компани мэдээлжээ. Гэсэн хэдий ч Хятадын өрсөлдөгч компаниудын санал болгож буй эвхэгддэг гар утаснуудаас илүү зузаан байна.
"Apple" компанийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернус шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд энэ нь 2017 онд "iPhone X" загварыг танилцуулснаас хойших тус компанийн тэргүүлэх уг бүтээгдэхүүнд хийгдсэн хамгийн том шинэчлэл болж байна. Өнгөрсөн санхүүгийн жилд "iPhone"-ы борлуулалт "Apple" компанид 209.6 тэрбум ам.долларын орлого авчирсан нь тус компанийн нийт орлогын талаас бага зэрэг илүү хувийг бүрдүүлжээ.

Тернус одоо худалдаалагдаж буй эвхэгддэг гар утаснуудыг ашиглахад эвгүй, гүйлгэж үзэх, дүрс бичлэг үзэх зэрэг өдөр тутмын хэрэглээнд төдийлөн тохиромжгүй хэмээн шүүмжилжээ. Харин “Duo” загварыг тусгай нугасны механизм, харьцаа нь тохирсон хоёр дэлгэц, титанаар хийсэн шинэ их биетэй, халаасанд багтах авсаархан хэмжээтэй бүтээгдсэн гэж онцолжээ.
“Энэ бол цоо шинэ хэрнээ маш танил санагдана. Хэмжээний хувьд таны паспорттой ойролцоо тул барьж үзэхэд танил, нэг гараараа ашиглахад ч эвтэйхэн” гэж Тернус хэлсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Л.Буянаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!