Франц улсын нийслэлд өчигдөр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал “Парис-2023” Их дуулга тэмцээн эхэлж, энэ өдөр эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 48, 52, 57, 63 кг жингийн барилдаанууд явагдан шилдгүүдээ шалгаруулав.
Монголын шигшээ багаас эхний өдөр 13 бөх дэвжээнд гарч барилдсанаас эрэгтэйчүүдийн 66 кг-д Б.Эрхэмбаяр мөнгө, 73 кг-д О.Уранбаяр хүрэл медаль тус тус хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ Э.Ариунболд хүрлийн төлөө Узбекистаны жүдочтой барилдаж ялагдсан бол Б.Цогт-Очир хэсгийн аваргын төлөө Азербайжаны бөх барсангүй. Харин 66 кг-д Б.Эрхэмбаяр Украины Богдан Ладовт базари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртэж, энэ жинд барилдсан Б.Нармандах Туркменистаны бөхөд ялагдлаа.
Мөн 73 кг-д Л.Анхзаяа эхний тойрогт Финландын жүдочийг ялсан ч дараагийн даваад Узбекистаны жүдочид ялагдлаа. Харин энэ жинд барилдсан О.Уранбаяр хэсгийн аваргын төлөө Бразилын жүдочид ялагдсан ч дагах барилдаан хийж БНСУ-ын жүдочийг ялж хүрэл медалийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Б.Баасанхүү эхлээд Францын бөхийг ялсан ч Японы бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгав. Харин 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам Косовагийн Красник Дистрад хэсгийн аварга төлөө хүч үзэж ялагдаж дагах барилдаан хийж Израилын бөхөд ялагдаж медальд хүрч чадаагүй юм. Энэ жинд М.Нандин-Эрдэнэ эхний тойрогтоо Францын бөхөд цэвэр ялагдсан.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д М.Ичинхорлоо хэсгийн аваргын төлөө Протугалд ялагдаж, дагах барилдаанд Израилын бөхөд базари үнэлгээгээр ялагдлаа. Мөн энэ жинд О.Оюунчимэг Бразилын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгав. Эмэгтэйчүүдийн 63 кг-д хүчээ сорьсон Б.Гайхайч, Д.Есүй нар хоёулаа Францын жүдочдод ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.
Парисын Их дуулгад 85 орны 527 /эрэгтэй 320, эмэгтэй 207/ жүдоч хүчээ сорихоор Францын нийслэлд очсон байна.