МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын тэквондогийн холбооны урилгаар Улаанбаатар хотноо зочилж буй олимпын зүтгэлтэн БНСУ-ын Ким Ун Ён болон спорт хорооны ерөнхийлөгч Жэй Чүнь Чой тэргүүтэй төлөөлөгчдийг /2023.06.11/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ноён Жэй Чүнь Чой Монгол Улсад таэквондогийн спорт хурдацтай хөгжиж байгааг онцлон тэмдэглээд Монголын тэквондогийн холбоотой цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээ илэрхийлэв.
Мөн таэквондогийн спортыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхээр төлөвлөж, аян өрнүүлж байгаа талаар мэдээлэв.
Олимпын төрлийн спорт таэквондог хөгжүүлэх, спортоор дамжуулан эв нэгдлийг бэхжүүлэх үйлсэд Ким Ун Ён сантай хамтран ажиллахыг хүсч МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийг тус спорт хорооны зөвлөхөөр өргөмжилж, батламжийг гардуулж өглөө.
Спорт хороог үүсгэн байгуулагч Ким Ун Ён нь БНСУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны дэд ерөнхийлөгч, Олон улсын таэквондогийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан спорт олимпизмын зүтгэлтэн билээ.