Тус сургууль 1984 онд “Барилгын техник мэргэжлийн 5 дугаар дунд сургууль” нэртэйгээр байгуулагдаж, 1999 онд “Техник-технологийн коллеж”, 2012 онд “Техник технологийн дээд сургууль” болон өргөжсөн.
Шаталсан боловсрол, сургалтын тогтолцоогоор магистр, бакалавр, дипломын, мэргэжлийн болон техникийн боловсрол олгож байна. 250 орчим багш ажилтан, 3000 гаруй оюутантай.
Энэ хугацаанд 19 мянга гаруй инженер, техникийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэсэн. Төгсөгчдийн ажил эрхлэлт 86 хувьтай байна.
Мэргэжлийн боловсролд “Чадамжид суурилсан сургалтын арга зүй”-г нэвтрүүлж, “Дэлхийн ур чадвар” тэмцээнд гагнуур, мужаан, тогооч, сантехникч мэргэжлээр амжилттай оролцсоор иржээ.
Тус сургууль дотоодын 100 гаруй ААН болон Япон, Австрали, Герман зэрэг орны ижил төрлийн боловсролын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг.
Мэргэжлийн боловсролын салбар хувийн 30 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тэдний жишиг болохуйц сургуулийн нэг юм. Мэргэжлийн боловсролын сургуулиудын багш нарыг мэргэшүүлэх, дахин сургах чиглэлд ТТДС онцгой үүрэг гүйцэтгэж байна.