НҮБ. /un.org/. НҮБ-ын гишүүн 193 орон 20 орчим жил хэлэлцсэний эцэст өөрийн улсын харьяа бүсээс гадна далайн биологийн олон янз байдлыг хамгаалах түүхэн гэрээг баталлаа гэж тус байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш далай тэнгисийг хамгаалах хүчин чармайлтыг нэгтгэж өгсөн олон улсын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, улс орнууд нийтлэг сайн сайхны төлөө нэгдэж чаддагийг энэхүү гэрээ харуулж байна” гэж мэдэгджээ.
Далайн эрх зүйн тухай НҮБ-ын Конвенцод тусгагдсан зарчмуудад тулгуурлан энэхүү гэрээ нь далай тэнгисийн гуравны хоёрыг хамгаалах эрх зүйн орчныг ихээхэн бэхжүүлж байгаа ажээ. Тодруулбал, далай тэнгис, түүний нөөц баялгийг ашиглах чиглэлээр олон улсын болон байгууллага хоорондын хамтын ажиллагаанд шаардлагатай тогтолцоог бий болгож буй юм.
Уг гэрээг үр дүнтэй, цаг тухайд нь хэрэгжүүлэх нь далайтай холбоотой Тогтвортой хөгжлийн зорилтууд болон биологийн олон янз байдлын тухай Кунмин-Монреалийн суурь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.
Химийн хорт бодис, олон сая тонн хуванцар хог хаягдал далайн эргийн экосистемийг алдагдуулж, загас, далайн яст мэлхий, далайн шувууд, далайн хөхтөн амьтдыг устгаж, их хэмжээний хохирол учруулж байна. Үүнээс гадна аюултай бичил хэсгүүд хүний идэж буй хоол хүнсэнд орж байна.
Энэхүү гэрээ нь далайг бохирдуулж буй хүмүүст хариуцлага хүлээлгэж, болзошгүй маргааныг шийдвэрлэх механизмыг бий болгожээ. Баримт бичгийн заалтын дагуу өөрийн улсын харьяа бүсээс гадна явуулахаар төлөвлөсөн аливаа үйл ажиллагаанд талууд үйл ажиллагааныхаа хүрээлэн буй орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх үүрэгтэй.
Үүнээс гадна, загасны нөөцийг хэт их ашиглахтай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, далай тэнгисийн хүчиллэгжилтийн сөрөг нөлөөллийг тэсвэрлэх чадварыг нь нэмэгдүүлэх цогц арга замыг санал болгожээ.
Энэхүү баримт бичиг нь 2023 оны есдүгээр сарын 20-ноос эхлэн хоёр жилийн хугацаанд гарын үсэг зурахад нээлттэй байх бөгөөд 60 улс соёрхон баталсны дараа хүчин төгөлдөр болно.
Хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гэрээнд оролцогч талуудын анхны бага хурлыг хуралдуулах ёстой байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг Д.Жаргал