Сүүлийн дөрвөн цагийн хугацаанд Туул голын усны түвшин 11 см-ээр нэмэгдэж, 288 см болжээ. Энэ нь үерийн аюултай түвшнээс 28 см давсан үзүүлэлт юм.
Голын ус үерийн аюултай түвшинг давснаас бий болох эрсдэл, аюулыг сэрэмжлүүлэх үүднээс 1966 онд Улаанбаатар хотод буусан их үерийн талаарх мэдээллийг хүргэж байна.
1966 оны 7 дугаар сарын 10-11-нд төвийн бүсийн нутгаар хоёр хоног ширүүн бороо орж, жилийн дундаж тунадасны 30 орчим хувьтай тэнцэх хур тунадас буун, нийслэл орчмын голууд үерлэж, хот үерт автжээ. Энэ үеэр Туул голын усны түвшин 311 см-т хүрч байсан аж. Иймд тухайн сарын 20-нд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас нийслэлд байгаа хөдөлмөрийн чадвартай, 16-60 хүртэлх насны эрчүүд, 16-55 хүртэлх насны эмэгтэйчүүдийг 10 хоногийн хугацаанд үерийн сүйтгэлийг сэргээн босгох ажилд дайчлахаар болсон байна.
Үерийн улмаас хотын цахилгаан тасран, станцуудын үйл ажиллагаа зогсоход хүрч, зам гүүр, төмөр замын шугам эвдрэн, хотын усан хангамж, утсан холбоо тасалджээ. Мөн Үйлдвэр комбинат, 120 мянгат, Толгойт, Сонсголон тэр чигтээ усанд автаж байв. Түүнчлэн Туул, Сэлбэ, Дунд голын сав газар оршин сууж байсан 52.4 мянган хүн үерт автаж, 86 хүний цогцос олдож, 23 хүн ор сураггүй алга болж, нийт 135.4 сая төгрөгийн хохирол учирч байжээ.
Туул голын усны түвшин богино хугацаанд ихээхэн нэмэгдэж, хүчтэй үерлэж буй тул иргэд аюулгүй байдлаа ханган, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС