Японы мэргэжлийн сумо бөхийн 7 дугаар сарын 23-ны буюу Нагоя башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Шинэхэн Озэки Киришима /Кирибаяама/ Б.Лхагвасүрэн, Комүсүби Аби-тай барилдаж, түүнд ёрикири мэхээр унаснаар 6 даваа 7 унаа /6-7-2/-тай энэ башёг өндөрлүүлж байна.
Сэкивакe Хошёорюү С.Бямбасүрэн анх удаа дээд зиндаанд гарч барилдаж байгаа 19 настай Хакүохо /М-17/-той таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 12 даваа, 3 унаатай болж, башёгийн сүүлийн өдөр адил даваатай болсон Хокүтофүжи /М-9/-тэй аваргын төлөө барилдахаар боллоо.
Ийнхүү Нагоя башёгийн аваргын төлөө Сэкивакe Хошёорюү С.Бямбасүрэн, Хокүтофүжи /М-9/-тэй нэмэлт барилдаан хийж, түүнийг ошидаши мэхээр давснаар, анх удаагаа Японы Эзэн хааны цомын эзэн болж, монголчуудын аваргын буухиаг тасалдуулалгүй амжилттай үргэлжлүүлж чадлаа.
Тэрбээр энэ башёд 13 даваа авсан амжилтаар Озэки цолны болзлыг хангаж байгаа билээ.
Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил/М-7/, Гонояама /М-10/-тай учраа тааран хүч үзэж, түүнд ошидаши мэхээр унаж 8 даваа, 7 унаатай башёг дуусгалаа.
Мөн энэ өдөр Хокүсэйхо А.Даваанинж /М-6/, Мидорифүжи /М-3/-тэй таарч барилдан түүнд шитатэнаге мэхээр унаснаар 5 даваа, 10 унаатай башёг дуусгав.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-12/, 15 дахь өдөр Такаяасү/М-15/-тэй хүч үзэж түүнд цүкидаши мэхээр унаснаар 6 даваа, 9 унаатай Нагоя башёг өндөрлүүлэв.
Дайшохо Ч.Шижирбаяр /М-14/, энэ өдөр Рога/ Жүрёо-2/-тай таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 4 даваа, 9 унаатай энэ башёг дуусгаж байна.